Үхрийн арьс товруутах өвчний ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

 

Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтыг зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөнийг хянах, тархалтын хүрээг тогтоох, хорио цээрийн арга хэмжээ гүйцэтгэл болон технологит хяналт тавих ажлын хэсэг Дорнод аймгийн Баянтүмэн суманд ажиллаж байна.

Ажлын хэсэг Баянтүмэн сумын нутагт гарсан үхрийн арьс товруутах өвчний тархалтын хүрээг тогтоох, голомт болон сэжигтэй бүсийн үхэр сүргийн судалгааг нэг бүрчлэн гаргаж, яаралтай дархлаажуулалтыг голомт болон сэжигтэй бүсийн бүх үхэр сүргийг дархлаажуулалтад давтан хамруулах, айл хооронд халдвар хамгааллын дэглэмийг сайтар барих талаар заавар зөвлөмж өгч, вакцин хуваарилах ажлын нарийвчилсан төлөвлөгөө, дархлаажуулалтын зураглал, гүйцэтгэлийг хангуулахаар шуурхай ажиллаж байна.

Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин. Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин.

Дархлаажуулалтад Аймгийн засаг даргын тамгийн газар, онцгой комисс, мал эмнэлгийн газар, сумын засаг даргын тамгийн газар, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малчид, мал бүхий иргэд хамтран гүйцэтгэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top