ОЛОН ӨНГӨ: “Байгаа нь их юм” гэх ядмаг бодол

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Манай улсад “Оргүйгээс ортой нь дээр” гэх хэлц бий. Сүүлийн үед ажихнээ нийслэл хот, дүүрэг, аймаг, сумдад хийж буй бүтээн байгуулалтаа энэ үгийн жишгээр л хийдэг бололтой. Хамгийн тод жишээ бол явган хүний зам. Явган хүний замаар зорчих бүү хэл тэрэгтэй хүүхдийг ч салхилуулах боломжгүй болсон.

Тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам нь ч гэж “нүд хуурсан” ажил. Иргэдийн төлсөн татварыг хэзээ үр ашигтай зарцуулдаг болохыг хэлж мэдэхгүй юм. Улаанбаатар хотын төвийн хэсэгт хүртэл явган хүний замын эвдрэл гэмтэл бишгүй. Бараг л энгийн зүйл мэтээр хүлээж авсаар. Бороо орсны дараа явган хүний зам дээр ус тогтох, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус материалтай, далий муруй, огцом уналттай, нүхтэй, тэмдэглэгээ нь арилсан гэх мэтээр асуудлыг нь тоочоод байвал дуусахгүй.

Тухайлбал, Хүнсний 1-р уулзварын засварын ажил, Жуковын Сансарын И-март хүртэлх зам гэх мэт. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш гэдэг шиг л ажлаа заавал хэлүүлж хийх хэрэгтэй ард түмэн бололтой. Иргэдийн санал, гомдлыг шаардлагатай хүмүүс нь хүлээж авдаг эсэх нь ч эргэлзээтэй. Харин явган хүний замын улаан тоосгыг бол жил бүр сольдог. Тэгсэн атлаа хэрэгтэй газар нь шаардлагатай засвар, хангалттай санхүүжилт очдог уу гээд үзвэл иргэд хийгээд холбогдох байгууллагууд нь харилцан адилгүй зүйлийг ярина.

Сануулахад, 2019 онд Төв талбайн баруун, зүүн талд дөрвөлжин хэлбэртэй 395 ширхэг чулууг байрлуулж байсан. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 152 сая төгрөг зарцуулсан байдаг. Одоо эдгээр чулууг Бөмбөгөр худалдааны төв, Төв банкны арын зам дагуу гэх мэтээр хэдэн хэсэгт тараан байршуулсан. Энэ мөнгөн дүн нь замыг засахад бага мөнгө мэт боловч угтаа бол их мөнгө. Иймэрхүү үрэлгэн байдлыг тоочоод барахгүй. Замыг стандартгүй, сэтгэлээ гаргаж хийгээгүйн балгийг иргэд үүрдэг байж болохгүй юм. “Байгаа нь их юм” гэх ядмаг сэтгэлгээгээр өөрсдийгөө ч, өрөөлийг ч доромжилдог байж болохгүй. Машин хөлөглөж, явган зорчдоггүй хүмүүс ч явган зорчигчийн зовлонг ойлгох биш дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top