Монголд 73 мянган жуулчин ирж, 70 сая ам.долларын орлого оруулжээ

2022 оны 07 сарын 07

Засгийн газрын хуралдааны дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

Тэрээр энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр Ойн агентлаг байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, албан ёсоор байгуулсан бол энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ойн агентлаг байгуулах шийдвэр гаргасныг онцоллоо. 

Ингэснээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд гацаад байсан Ойн агентлагтай холбоотой төсөв санхүү шийдэгдэж, Ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагчийн цалин олгогдон, холбогдох тендер, сонгон шалгаруулалтууд явагдана гэдгийг хэллээ.

Мөн энэ удаагийн хуралдаанаар ирэх 2023, 2024 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан байна. Энэ талаар салбарын сайд “Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг сая жуулчин авах ажилд томоохон түлхэц болно гэж харж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсыг гадаадад сурталчилах цахим флатформыг хийж байна. Манайд ирэхээр болсон жуулчин бүрд Ерөнхий сайдын “Монгол Улсад тавтай морилно уу” гэсэн цахим флатформыг өгнө.

Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл манайд 73 мянган жуулчин ирж, 70 орчим сая ам.долларын орлого орсон” гэсэн юм. цахим орчинд тухайн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааны хөтөлбөр, худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх бөгөөд Англи, Орос, Хятад, Испани, Япон, Солонгос, Монгол гэсэн хэлүүд дээр цахим флатформыг хийх аж. 

Мөн өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанд энэ оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан байна. Мэдээллээс харахад цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 03-наас эхлүүлж урьдчилсан байдлаар 368,4 га-д үр тариа, үүнээс 343,8 мянган га-дулаан буудай, 20 мянган га-д төмс, 10 мянган га-д хүнсний ногоо, 51 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал, 4,6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байгаа гэнэ.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338,8 мянган га улаан буудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 85,7 хувь буюу 290 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна. Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өчигдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн гэнэ. Хуралдаанаас ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгажээ.  

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top