Наадмын тасалбарын "Шаг"-ийн үнэ дөрвөн жилд гурав дахин өсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Нар хур тэгширсэн дэлгэр зуны дэнж хотойлгосон наадам хүн бүрийн сэтгэлд тодхон үлддэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй монгол түмний хувьд энэ жилийн наадам хүсэн хүлээсэн баяр болох нь дамжиггүй. Гэвч сайныг дагаж саар зүйл отож байдагчлан баяр наадмын тасалбарыг дамлан наймаалах үзэгдэл жил бүр байсаар ирэв. Угтаа бол энэ жилээс баяр наадмыг зохион байгуулах комиссоос наадмын тасалбарыг дамлан наймаалахаас сэргийлэн цахимаар борлуулж эхэлсэн. Гэвч цахимаар ч, тасалбар борлуулах цэгээр ч зарсан энэ үзэгдэл арилахгүй хэвээр байна. Тиймээс бид баяр наадмын тасалбарыг дамлан наймаалж буй үзэгдэл болон наадамтай холбоотой бусад асуудлыг сурвалжиллаа.


ТАСАЛБАР ДАМЛАСАН НЬ ТОГТООГДСОН Ч ОНОГДУУЛАХ ХАРИУЦЛАГА НЬ ТОДОРХОЙГҮЙ

Наадмын нээлтийн тасалбарыг энэ сарын 1-ний өдрийн 13.00 цагаас enaadam.mn гэсэн цахим хаягаар борлуулж эхэлсэн. Гэвч цахим хаягт системийн саатал үүсэж, хэт ачаалал ирснээс болж тасалбараа захиалж чадаагүй иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэв. Чухам ийм үйл явц үргэлжилсээр энэ сарын 3-ны өдөр сайтад нэг ч тасалбар үлдээгүй аж. Тиймээс баяр наадмын нээлт үзэх гэсэн иргэд дамласан үнээр тасалбараа авахаас аргагүй болжээ.

Угтаа бол цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй талын суудал дахь тасалбар 52.500 төгрөг, сүүдрэвчгүй талынх нь 42 мянган төгрөгөөр худалдаалагдсан. Гэвч “дамын” үнээр зарж буй хүмүүс энэ үнийг даруй хэд нугалсан байлаа. Тухайлбал, нэг хүний тасалбар 150-220 мянган төгрөг, хос тасалбарыг 250-500  мянган төгрөгийн хооронд зарж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, “Цахим орчинд Наадмын тасалбар 400 мянган төгрөгөөр худалдана гэсэн мэдээлэл явж байна. Үүнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Наадмын тасалбарыг долоодугаар сарын 01-ний өдөр борлуулсан. Борлуулалтын явцад ТЕГ-аас хяналт хийсэн. Цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган суудалтай. Тиймээс цахимаар тасалбар борлуулсан” гэв. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “Хэрэв тасалбарыг дамлаж зарсан нь шалгалтаар тогтоогдвол торгоно, сануулна гэсэн тодор­хой заачихсан шийтгэл байхгүй. Тухайн этгээдүүдийн сэдэл, санаа, зорилго өөр өөр байх тул тус бүрд нь тохирсон хариуц­лагыг тооцдог” гэсэн юм.

 

АВТО ЗОГСООЛЫН ЭРХИЙГ Ч ДАМЛАН ЗАРСААР БАЙНА

Одоогоос дөрвөн жилийн өмнө наадмын багц тасалбарын үнэ 16-24 мян­ган төгрөгийн ханштай байжээ. Улмаар дамлан наймаалах үнэ нь 100-150 мянган төгрөгийн үнэд хүрч байсан аж. Харин гурван жилийн өмнө буюу 2019 онд болсон сүүлийн наадмын тасалбар мөн дээрхтэй ижил үнээр худалдаалагдаж байв. Энэ нь 15 жил үнээ барьсан мөнгөн дүн юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбараар дамжуулан худалдаалсан тэр жилийн наадмын тасалбарын дамлан борлуулах үнэ 130-150 мянган төгрөгт хүрч байжээ. Хонон өнжин дугаарлаад ч олоогүй иргэд аав, ээждээ бөх үзүүлэх гэсэндээ хэлсэн үнээр нь авсан тохиолдол гарч байсан аж. Нээлт, хаалт, бөх үзэх тасалбараас гадна зогсоолын тасалбар ч дамын үнэд оржээ. Хүй долоон худагт гурван өдөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдөр авто машинаа байрлуулахын аль нэгийг сонгохын тулд зогсоолын эрхийг 50-70 мянган төгрөгөөр худалдан авах болсон байна. Уг тасалбарын үндсэн үнэ нь 21 мянган төгрөг байгаа юм.

 

ТАСАЛБАР ДАМЛАЖ ЗАРЖ БУЙН ГОЛ БУРУУТАН НЬ ХУДАЛДАН АВАГЧ ГЭВ

Зогсоолын эрх борлуулах ажил одоогоор дуусаагүй байгаа ба өнөөдөр 12.00 цаг хүртэл enaadam.mn цахим хаягаар борлуулна. Харин цар тахлаас урьд жилүүдэд зогсоолын эрх 10 мянган төгрөг байсан аж. Жил бүрийн наадмаар тасалбар олдохгүй, шаглаж зарах үнэ нь хэт “хөөсөрдөг” тул энэ асуудалд дурамжхан хандах хүмүүс бий. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн А.Өнөржаргал, “Тасалбар дамлан борлуулах үзэгдэл арилна гэж байхгүй байх. Биечилж зарах, онлайнаар борлуулах хоёрын сүүлийнх нь л мэдээж дээр. Хүмүүсийг урт дараалалд зогсоож, хонож өнжүүлэн байж авдаг байсныг болиулсан нь сайн юм болсон. Харин тэр 400 мянган төгрөг хүргэж зарж байгаа нь арай л утгагүй явдал байна. Олон хүн чихэлдэж байдаг болохоор цэнгэлдэх орж наадам үзэх дургүй ээ. Заримдаа ч бүр хар зах шиг л болчихсон байдаг” гэв.

Зарим наадамчдын хэлж буйгаар нэг хүнд зарах тоо хэмжээг цаанаас нь тогтоосон ч дамлан борлуулах иргэд нийлж авч зарж цаашлаад мафийн сүлжээ ч болдог байж магадгүй аж. Гэвч хорьж боох тусам бүх зүйл буруу тийшээ ханддаг учраас алалцаад ч болов авч чадах нь авах хэрэгтэй ч гэх нэгэн байлаа. Түүнчлэн тасалбар дамлан борлуулж буйд наадмын зохион байгуулах комисс, дамлан наймаалах иргэдийн буруу төдийлөн байхгүй ба хамгийн гол буруутан нь тэр өндөр үнээр худалдан авч буй иргэдийн буруу байгааг ч онцолж байсан юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.180.216.83) 2022 оны 07 сарын 08

Mongol l bolson hoino damiin naimaa yabagdana shuu dee deer doorgui hudalch hulgaichuud ih yum daa shagiin egneend n tomchuud l yabj bgaa shte saitaa hudlaa gatsaagaad l haanaas neg ashig olchih uu hulgai hiichih uu geed l baij yadchih yumaa

0  |  0
Top