Өмнөговь аймаг бол уул уурхайн салбарын том талбар. Тиймээс ч уул уурхайн салбар руу чиглэсэн олон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр хүний нөөцийн эрэлт ихсэж буй хэсэг юм. Энэ салбарыг сонирхож, сурах хүсэл эрмэлзэлтэй залуусын цуваа ч тасрахгүй байгаа билээ.
Тухайлбал, Төмөр зам МСҮТ-д 2021-2022 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн 94, Дундговь аймгийн 29, Дорноговь аймгийн ес, бусад аймгийн 166 иргэн суралцсан ажээ. Товчхондоо Төмөр зам МСҮТ-д суралцаж буй суралцагсдын тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа. Учир нь УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Монгол Улсад шинээр баригдах нийт 6600 орчим км төмөр замыг гурван үе шаттайгаар барьж байгуулахаар заасан байдаг. Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор Төмөр замын бодлогын I болон II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор дээр дурдсан төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой Төмөр зам ХХК-д тус тус олгосон юм. Энэ жилийн төгсөгчдөөс нь 100 нь Улаанбаатар төмөр зам ХНН-д, 17 суралцагч нь Монголын төмөр зам ТӨХК-д ажилд оржээ. Харин Тавантолгой төмөр зам нийт 91 суралцагчийг тодорхой үе шаттайгаар энэ онд багтаан авах юм байна. Үүнээс одоогийн байдлаар хүний нөөцийн шатандаа 20 суралцагч ажилд орохоор болжээ.
Өмнөговь аймагт нийт 700 орчим км төмөр замыг тавьсан. Мөн томоохон уурхайнууд уурхайн зам барихаар төслийн шатандаа ажиллаж байгаа. Ингэснээр тухайн бүс нутагт төмөр замын мэргэжлийн 10 орчим мянган ажилтан шаардлагатай болж байгаа юм. Төмөр замын үндсэн есөн мэргэжил бий. Үүнээс долоог нь Төмөр зам МСҮТ-д суралцах боломжтой аж. Тодруулбал, төмөр замын замчин, вагон үзэгч засварчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээцэгч, ДТХ-ын монтёр, өртөөний жижүүр найруулагч гэсэн долоон мэргэжил юм. Тус МСҮТ нь төмөр замын төрөлжсөн МСҮТ бөгөөд 2022-2023 оны “Мэргэжилтэй ажилтан-300” хөтөлбөрийн элсэлтээ авч эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Өмнөговь аймгийн 17-гоос дээш насны 300 залууг 50 хувийн хөнгөлөлтөөр нэг жилийн хугацаанд мэргэжил олгох сургалт юм. Төмөр зам МСҮТ-ийн захирал Г.Сэргэлэн “Энэ онд багтаж Монголын төмөр зам ТӨХК-ийн зүтгүүрийн депо баригдана. Харин ирэх оны хавартаа багтааж вагон депо, Тавантолгой төмөр замын Замын анги, Зүтгүүрийн депо баригдахаар тус барилга бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Эдгээрт мэргэжлийн ажилтны хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарна. Өнөөдрийн байдлаар Зүүнбаян-Тавантолгой 416 км, Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөр замууд нь зөвхөн туршилтын тээвэр явуулж, нийт хүчин чадлын таван хувь орчмоор ажиллаж байгаа. Гэсэн ч мэргэжилтны буюу хүний нөөцийн дутагдалтай байгаа. Тиймээс энэ салбар руу орж буй суралцагчдад олон төрлийн боломж гаргаж өгдөг. Төмөр замын мэргэжлийг сонгох шалтгаануудын нэг бол цалин, хангамж, мэргэжлийн онцлог юм. Манай МСҮТ-ийн хөтөлбөр багадаа гурван жилийн хугацаанд жил бүр 300 квоттойгоор үргэлжилнэ” гэсэн юм.
Төмөр зам нь хүнд нөхцөл, нарийн мэдрэмж, онцгой сахилга бат шаарддаг тул жилдээ найман хувийн хүний нөөцийн хөдөлгөөн бий болдог ажээ. Энэ судалгааг Улаанбаатар төмөр зам ХНН-ын 15 мянган ажилтнууд дээр түшиглэн хийсэн байна. Иймээс говийн бүс нутаг дахь төмөр замын мэргэжлийн ажилтны хөдөлгөөн жилдээ 500 орчим байх шаардлага тулгараад байгаа юм. Үүнийг Төмөр зам МСҮТ нөхөх тооцоололтой байгаа аж. Тус МСҮТ-ийн намрын хичээлийн жилийн элсэлт одоогийн байдлаар 15 хувьтай байгаа ажээ. Өмнөх жилүүдээ бодвол Өмнөговь аймгийн иргэд гэлтгүй бусад аймгийн иргэдийн төмөр замын талаарх мэдээлэл, мэдлэг сайтай нэмэгдэж байгаа.
Тиймээс уул уурхайн салбарыг зорих хүмүүс нэмэгдэж буй тул үүнийг дагаад говь гэлтгүй бусад бүсээс суралцагчид нэмэгдэж байгаа юм. Энэ талаар Төмөр зам МСҮТ-ийн нягтлан Г.Халиунаа “Өмнөговийн хөгжлийн сангаар дамжиж бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн харьяат иргэд манай МСҮТ-д “Мэргэжилтэй ажилтан-300” хөтөлбөрт суралцвал 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Ингэхдээ сургуулиас 20 хувь, орон нутгаас 30 хувийн тэтгэлэг өгдөг юм. Мөн улсаан хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгодог. Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Архангай, Булган зэрэг аймгаас суралцагчид ирдэг. Тэдний хувьд МСҮТ-д суралцах 200 мянган төгрөгийн тэтгэлгийн хөнгөлөлт авах боломжтой” гэсэн юм. Энэхүү хөтөлбөрийн давуу тал нь төмөр замын мэргэжил эзэмшихээс гадна ХАБЭА, Жолоодох эрхийн сургалт, бусад сургалтад хамрагдах боломжтой аж.
Орон нутагт үйлдвэрлэл түшиглэж суралцах бөгөөд үйлдвэрлэлийн дадлагыг хамтран ажилладаг байгууллагуудын аж ахуй, үйлдвэрийн газруудад хийх боломжтой юм байна. Мөн төгсөгчдөө ажлын байранд зуучлах ажээ. Тус төвд суралцагчдын судалгаагаар 2021 оны төгсөгчдөөс Говийн бүс төмөр замд 44, Улаанбаатар төмөр замд 42, мэргэжлийн бус ажил эрхэлж байгаа найм, бусад салбарт гурван суралцагч ажиллаж байгаа юм байна. Мөн сургуулийнхаа дэргэд 50 суралцагч багтах дотуур байртай ажээ. Одоогоор сургуулийн барилгыг кампус хэлбэрээр барихаар төлөвлөж ажиллаж байгаа юм байна.
Д.Анна
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )