ОЛОН ӨНГӨ: Амрахаас өөр юу хийх юм

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Сүүлийн хоёр жил өргөн дэлгэр наадаагүй түмэн энэ жилийн баяр наадмаар ес хоног амарч цэнгэлээ.

Төрт ёсны баяр цэнгэл ч олон нийтийн уухай дор ёслол төгөлдөр болж, шинээр аваргатай, арслантай, заантай, начинтай сайхан болж өндөрлөв. Харин хэсэг ажилсаг нөхөд цахим орчинд “Ядуу буурай орон баяр наадмаар ес хоног амарч байдаг нь харамсалтай. Ингэхээр бид яаж хөгжих юм бэ” хэмээн халаглан давалгаалж байна. Ажилсаг нөхөд маань төрт ёсныхоо баяр наадмаар амарч цэнгэхээс өөр юу хийж чадах улс билээ гэж бодсонгүй л дээ.

Бидэнд тасалдуулж болохгүй үйлдвэр лав алга. Дэлхийн зах зээл дээр тасалж болохгүй бренд малгайны ганц үйлдвэртэй байсан бол ес хоног амрахгүй байсан. Олон улсад зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүний ганц үйлдвэртэй байсан бол ес хоног амрахгүй байсан. Ядахад л экспортын урсгал тасалж боломгүй унадаг дугуйны ганц үйлдвэртэй байсан бол юу гэж есийн ес хоног амрах юм. Өргөн хэрэглээний хүнс, барааны бүтээгдэхүүнээ импортоор 100 хувь шахам авч байхад хаана ямар ажил хийлгэх гээд байна вэ. Ийм байхад амралт, хөгжил гээд тэс өөр зүйлийг хольж хутгаад байх хэрэггүй. Амарч цэнгэхээс өөр яах юм.

Монголчууд бид төлөг, шүдлэнгээ шалбалж идээд, айраг цэгээгээ исгэж тамшаалаад, архи дарсаа нэрж гөлөмцөөд баярлахаас яах юм. Ийм л уламжлалтай. Наадмын ес хоног амарлаа гээд улсын хөгжил дэвшил уначихгүй. Тэртээ тэргүй хил гааль нь хаалттай. Хэдэн ганзагчид, чингэлэгчид ч ажилгүй. Барилгын салбарынхан бүтээгдэхүүн байхгүйгээр амарч байна. Материалын үйлдвэр нь байхгүй. Ядахад Хөнгөн үйлдвэрийн парк нь төлөвлөж байснаар ашиглалтад орсон бол тэнд 10 мянган хүн амрах бус ажиллаж л байх байсан. Ашиглалтад ороогүй учраас амарч байгаа юм. Тэгээд ч биднийг тэжээж байгаа Оюутолгой, Тавантолгой орд газар ес хоног ажлаа зосгоож амраагүй шүү дээ.

Нөгөө талаар “Үндэсний үйлдвэрлэл”, “Монголд үйлдвэрлэв” гэх зэрэг уриан дор үйлдвэрлэж байгаа зүйлс бий. Гэхдээ энэхүү уриан дор үйлдвэрлэж байгаа үндэсний хувцас хэрэглэл, даалин, эсгий улавч зэргийг баяр наадмаа умартаж, амрахаа мартан үйлдвэрлэхийн хэрэг юун. Хаана ямар зах зээлд олноор борлуулах юм. Улс орны хөгжил дэвшил гэдэг чинь үйлдвэржсэн, иргэд нь орлоготой орныг хэлдэг юм. Манайд даанч тэр нь алга. Тэгэхээр хөгжиж дэвшихээсээ өмнө амжаад наадаж цэнгэж, амарч л байг. Хэтдээ үйлдвэртэй болж таарна, иргэд нь орлоготой болж таарна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chutgurlvvgee tonil(103.229.123.166) 2022 оны 07 сарын 23

Araichdee iim yos Vigvi yum bichedd suuj bdg ysn haramsmaar setgvvlch we!!!demjidgvimaa gehed amaa hamhiad ungurch bolnodoo..gadnii eksportlogch ornuud ch gsndee shuud l vildwerlegch uls bolchoogvi l bh,manaih shig negen vyd yaduu buurai bsn l bj taaraa,gehdee ted nar bid nar shig bid iim yum chini gd amarch tsengeed uuj ideed uruudan doroitolttoigoo ewlereed yawaagvi blhroo l ene daitai tom gvren boltsgooson biz..Ene medeeg beldsen usan tarhitai setgvvlchiig BURHAN URSHUUG!!!!

1  |  0
Top