Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, ерөнхий эрдмийн хичээлийг орон нутагт зохион байгуулах, их сургуулийг нэг хаягт оруулах, боловсролын салбарт үүссэн авлигыг таслан зогсоох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газарт өнөөдөр (2022.07.20) танилцуулав. 

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 22,565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлжээ.

Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн ҮСХ-ны Хүн амын сан, УБЕГ-ын хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэж тухайн амьдарч буй байршилд ойр цэцэрлэгийг санал болгож хамран сургах тойргоор бүртгэлийг зохион байгуулах ажлыг наймдугаар сарын эхний долоо хоногт эхлүүлэхээр болжээ.

Өнгөрсөн хавар төв талбайд болсон залуусын жагсаалаас Засгийн газарт хандаж тавьсан шаардлагуудын нэг нь  хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулдгийг болиулах асуудал байсан юм.

Энэ дагуу салбарын яаманд Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хамран сургах тойргийн асуудлыг энэ жилээс нэг мөр шийдвэрлэхээр салбарын яам ажиллаж байгаа аж.

2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргалаа. Тухайлбал,
 

  • Цэцэрлэгт хүүхдээ суралцуулах нийслэлийн иргэдийн саналыг “Е Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор дамжуулж зохион байгуулах,
     
  • Улсын хэмжээнд ЕБС-иудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх,
     
  • 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжийг 2022 оны наймдугаар сарын 25-ны дотор бүрэн ашиглалтад оруулан улсын комисс ажиллуулах, гүйцэтгэгч нарт санхүүжилтийг саадгүй олгох,
     
  • Үнийн өсөлтөөс шалтгаалсан төсөвт өртгийн нэмэгдэл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан бол ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын их болон урсгал засварыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгах зэргийг Ерөнхий сайдын албан даалгавраар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зарим их, дээд сургуулийн үндсэн эрдмийн хичээлийг аймаг, сумдад оруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудын бүтэц, нэршлийг шинэчлэх болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах, хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдсэн зохицуулалт хийх санал боловсруулж 2022 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
 


Түүнчлэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн байгаа. Одоо 2 настай 2000 хүүхдийг хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ гэдэг шийдлүүдийг хайж байна. Өнгөрсөн жилүүдэд хамран сурах тойргийг зарлахдаа буруу төлөвлөдөг байсан алдааг олж харсан. Үүнээс сугалаа, авлигын асуудал зэрэг үүсдэг учраас энэ системийг бүр мөсөн зогсооно.  Хамран сургах тойргийг төрийн болон төрийн бус цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний газруудыг нэгтгэн шинээр төлөвлөж байна. Ингэснээр хүүхэд оршин суугаа газрынхаа орчимд суралцах боломжтой болж байгаа.

Түүнчлэн бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлт хийж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд энэ жил 37 шинэ сургууль, 36 цэцэрлэг, долоон дотуур байрыг шинээр ашиглалтад хүлээлгэн өгөх гэж байна" гэсэн мэдээллийг Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top