Их дэлгүүрийн урд талын фонтамын усан оргилуурыг өнгөрч гудамжны үзүүрт байрлах зайрмагны мухлагт дугаарлан зогсох хүмүүсийн ард очин зогслоо.
Миний урд талын хүний ээлж ирэхэд. Нэг гартаа шаар тас гэгч нь атгасан охин нөгөө гартаа барьсан мянган төгрөгөө сарвайгаад “Марлуужин авья эгжээ" гэхэд худалдагч бид хоёр инээдээ барьж ядна.
"Айн, юу авья гэнэ ээ" гэхэд ахиад л "марлуужин" гэхэд худалдагч "Өө миний дүү марлуужин мянга биш 1500 төгрөг болсон. Чиний мөнгө хүрэхгүй дээ " гээд өнөөх охинг урвайлгаад авлаа. Тэр үед нь "Ахдаа нэг шаараа мянган төгрөгөөр зарвал чамд зайрмаг аваад цаана мөнгө үлдэнэ" гэж санал тавихад тэр зөвшөөрч бид хоёр наймаа хийв.
Үргэлжлүүлэн алхаж яваад сандал дээр сууж шаглаж авсан гүнжтэй шараа хажуудаа уяад яг л “Cast away” киноны Том Ханкс шиг бөмбөлөгтэй ярьж эхэллээ. Тийшээ хардаа тэнд Алнитак, Алнилам, Минтака гэх гурван од байдаг. Монголоор бол гурван марал од. Гуа Марал энэ одноос бууж ирсэн домогтой учраас марал гэж нэрлэсэн гэдэг гэж нэрлэдэг гэж ах минь ярьж өгч байлаа. Даанч Монголд зөвхөн өвөл л харагддаг юм. Тэгээд л би тэр одтой уулзахын тулд дуртай биш ч гэсэн цастай өвлийг хүлээдэг юм.
Харин марал одны ойр харагддаг од бол цолмон. Үүрээр зүүн зүгт, үдшээр баруун зүгт үзэгдэх хамгийн гэрэлтэй од. Харин тэр одыг монголчууд сарны түшиг гэдэг. Наранд хаягдсан сарыг тайтгаруулахаар тод гэгч нь гэрэлтэж сар шингэх хүртэл түүнийг дагасаар зүүн зүгт ирдэг гэнэ лээ.
Тэнгэрт одсон ахынхаа дурсамжийг гүнжтэй шаартай хуваалцан сууж байтал. Худалдаа хийсэн хүн минь их л дурамчхан царайтай ахыгаа болтой өөрөөсөө арай өндөр хүүг дагуулан миний зүг алхан ирлээ. "Та манай дүүгийн шаарыг авчихсан юм уу" гэхэд би "Тийм ээ бид хоёр наймаа хийсэн" гэхэд. Халааснаасаа 500 төгрөг гаргаж ирээд “Тэгвэл буцаагаад надад зарчих. Манай дүү шаараа санаад уйлаад байна" гэхэд ахынхаа ард нуугдан зогсох улайсан нүдтэй унжийсан охин толгой дохилоо. "Дүүд чинь мянган төгрөгөөр зарсан шдээ" гэхэд хажуунаас "Та надад энэ мөнгийг л өгсөн" гээд эцсийн шалаанд оруулж тэд дийлж наймаа буцаагдсан юм. Ахынхаа хүчээр гүнжтэй шаараа авсан охин "Агаа та марлуужин авч идэж чадахгүй яах юм" гэхэд "Агаа нь цадчихсан" гэсээр цааш алхан одлоо.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Голоо цохисон гаруу
Нэг их мундаг юм бичих гээд чадсангүй дээ. Хүүхдийн шаарыг авчихдаг хөгийн гар зүгээр л марлуужинг аваад өгчихөж чадахгүй хөгийн гар.