ОЛОН ӨНГӨ: Ядуу сэтгэлгээ

2022 оны 07 сарын 23

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Asa land rerost гэх амралтын газрыг шүүмжилсэн хүмүүс хаа сайгүй харагдана. "Сарын цалингаараа хорхог идэж, өдрийн цалингаараа кофе уух нь" гээд үнэ өртгийг нь бас шүүмжилнэ. Амралтын газар яг л зочид буудлын од шиг зэрэглэлтэй. Тиймдээ ч тухайн байгууллага үйлчилгээндээ тааруулж үнэ ханшаа тогтоосон байдаг. Мөн Монголд аялал жуулчлалын 3-4 сар л байдаг. Тэгвэл энэ их бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөхийн тулд хэдэн жилийг зарцуулах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй байх.

Ямар нэг платформоор дамжуулж сурталчилгаа явуулж "хямдхан, тухтай" гэж хэн нэгнийг хулхидаж авчраагүй. Харин сонирхсон үйлчлүүлэгчид нь захиалга өгөөд амарч байгаа хэрэг. Мөн үнийн хувьд өчигдөр 10 мянган төгрөг байсан кофе нь өглөө босоод ирэхэд нь төмсний үнийг дагаж 19 мянган төгрөг болж хөөрөгдөж өссөн юм биш. Анхнаасаа тийм үнэтэй байсан. Тэр үнээрээ үйлчилгээгээ үзүүлж байгаа хэрэг.

Ганцхан байдаг байгалийн дурсгалт газрын өмчлөн монопол болж өөрт тань өөр  амрах газар байхгүй бол бас өөр хэрэг. Тиймээс таны бэл бэнчин хүрэхгүй бол ойролцоо амралтын газруудыг сонгон үйлчлүүлэх боломжтой. Аялал жуулчлалыг хөгжүүлж бусдаас арай шинэлэг зүйл хийж байгаа хүмүүсийг муулаад байж болохгүй. Эздийг нь шүүмжилж өөрсдийгөө бухимдуулсаар л байвал машин хүрэх газарт амардаг, майхнаа тойрч хүндэрдэг, явсан газраа сэглэдэг ядуу сэтгэлгээтэй хэвээр байх болно.

О.ГАНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.90.216) 2022 оны 07 сарын 23

Захиалгийн дагуу боломжын мэдээлэл гарч, сайн байна

1  |  0
Top