Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ээс гаргасан наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
НАЙМ, АРАВДУГААР САРЫН УУР АМЬСГАЛ
Сарын дундаж агаарын температур наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8…+12°C, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг. Харин есдүгээр сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +4…+8°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12… +18°С, бусад нутгаар +8…+12°С дулаан байдаг. Аравдугаар сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…-10°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +4… +8°С, бусад нутгаар 0…+4°С дулаан байдаг.
Хур тунадасны хувьд наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог бол есдүгээр сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна. Харин аравдугаар сард баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 6–15мм, бусад нутгаар 2–5 мм хур тунадас ордог байна.
НАЙМДУГААР САРД
Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг.
Наймдугаар сарын агаарын дундаж температур төв болон говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог.
Наймдугаар сарын нийлбэр хур тунадас Увсын ихэнх, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дундговь, Дорнодын зүүн хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )