СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жуулчид эрүүл мэнд, санхүүгийн эрсдэлд орж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс хилээ нээж, жуулчин хүлээн авах боломжтой болсоноо олон улсад зарласнаас хойш буюу долоодугаар сарын байдлаар Монгол Улсыг зорин гадаад улс орноос ирэх жуулчдын тоо 100 мянгыг даваад байна.

Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаадын жуулчдын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их бөгөөд нэг жуулчин аяллын хугацаандаа ойролцоогоор 1280 ам.доллар зарцуулж, хариуцлагатай аяладаг бол дотоодын аялагчид эх орноороо болон гадаад улс оронд аялах тохиолдолд аяллын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компаниас хамааран эрсдэлд орох явдал цөөнгүй гараад байна.

Аялал жуулчлалын тур операторын чиглэлийн зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд сүүлийн үед иргэдийн гадаад, дотоодод аялах хүсэл сонирхлыг ашиглан, гадаадын улс орон болон дотоодын чиглэлд хямд зардлаар аялуулах нэрийдлээр баталгаат бус аяллын хөтөлбөр гаргаж, иргэд олон нийт мэдээлэл дутмагаас болж тус хөтөлбөрт хамрагдан, эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох явдлууд гарсаар байна.

Иймд нийт иргэд, аялагчдад аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагаа явуулах эрхгүй, мэргэжлийн бус байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, гэрээ хийхгүй байх, төлбөр тооцоо хийж эд хөрөнгө, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулан, сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top