-Гуравхан жилийн дотор 13 цэрэг амиа алдсан гэв үү-
Ардын армид бугшсан аймшигт асуудлыг хөдөлшгүй баримтаар ил гаргаж тавьсан нэрт сэтгүүлч Аюурзанын Даваасамбуугийн “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” нийтлэл гарч, нийгмийг цочроож байлаа. Одоогоос 34 жилийн өмнө шүү дээ. Тэгвэл цэргийн дэглэлт, яргалал, ялгаварлан гадуурхалт өнөө цагт ч оршсоор байгааг ойрын үед гарч буй хэргүүд гэрчлэх боллоо. Алба хаахаар очсон цэргээр албан бус хөдөлмөр эрхлүүлдэг, амь насанд нь халтай ажил хийлгэдэг, хал цэргийн дэг мэдрүүлдэг өнөө л бугшиж бэтгэрсэн асуудал байсаар байгаа бололтой. Үгүй бол цэргийн алба хаагчидтай холбоотой энэ олон хэрэг ээлж дараалан гарсаар байх уу. Бодох л асуудал. Баримт сөхье.
БАЙЛДАГЧ Б-ИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ БАЙНА
ЗХЖШ-ын дарга, нэгдүгээр орлогч, Бригадын генерал С.Ганбямбад хаягласан гомдол бидэнд олдсон юм.
Төв аймгийн Алтан булаг дахь Химийн 119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаахаар очсон байлдагч Б-ийн ар гэрийнхэн хүүгийнхээ эрүүл мэндэд ихэд санаа зовж буйгаа учирлаж, уг гомдлыг гаргажээ.
Байлдагчийн авга эгч энэ талаар “Дүү маань эрүүл саруул цэргийн албанд татагдсан. Гэвч өнөөдөр эмнэлгийн орон дээр хэвтэж байгаад маш их харамсаж байна. Болж өнгөрсөн үйл явцыг товчхон өгүүлье. Миний дүү өнгөрөгч арваннэгдүгээр сард төмсгөндөө өшиглүүлсэн. Улмаар гуравдугаар сараас өвдөж эхэлсэн байдаг. Тавдугаар сараас төмсөг нь хавдсан байгаа юм. Тийм нөхцөлд байгаа хүүхдийг хоёр ч удаа төмсгөнд нь сойлт хийж, уяж байгаад марш тактикт гүйлгэсэн байдаг. Эхнийх нь аймгийн марш тактик, дараагийнх нь Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн уралдаанд төмсөг сойлттой гүйн түрүүлж, алтан медаль авсан байгаа юм. Төмсөг нь хавдчихсан, биеийн байдал хэцүүхэн байгаа тийм хүүхдийг марш тактикт гүйлгэнэ гэдэг нэг ёсны яргалал биз дээ. Бас болоогүй хорт утааны багаар төмсгөө өөрөө цохисон гэх тайлбарыг цэргийн ангиас ар гэрийнхэнд өгч байгаа нь итгэхэд дэндүү бэрх. Эрүүл саруул ухаантай, эрийн цээнд хүрчихсэн хүн өөрийгөө тэгж хорлоно гэж байх уу. Энэ бүхэнд үнэхээр гомдолтой байна. Үнэн мөнийг нь олох болно” гэв.
Мөн байлдагч Б-ийн шүд нь унасан, толгойд нь сорви тогтсон тухай ар гэрийнхэн нь гомдоллож “Цэрэгт ийм хүүхэд бид явуулаагүй” гэдгээ өгүүлж байна. Одоогоор байлдагч Б Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа аж. Гэвч хийгдэж буй эмчилгээ нь тодорхой бус бөөрний тасагт хэвтүүлчихээд байгаа гэнэ.
Эмч нь ар гэрийнхэнд нь “Манай эмнэлэгт урологийн тасаг байхгүй. Уг нь урологийн эмчилгээ хийлгэвэл...” гэх утгатай зүйл ярьжээ. Идэр насандаа яваа залуугийн ирээдүй, эрүүл мэндийн байдал хэрхэхийг хэлэхэд бэрх. Эрүүл саруул хүүгээ эр цэргийн албанд явуулсныхаа төлөө энэ шаналалыг амсаж суугаа эхийн сэтгэл, ар гэрийнхний санаа зовнилыг анхаарч үзвэл яасан юм бэ, ЗХЖШ-ынхаан.
АМЬ НАСАА АЛДСАН ЦЭРГИЙН ХЭРЭГ ХЭРХЭВ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багт барилгын хашаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба хаагч цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл иржээ. Цагдаагийнхны шалгалтаар “Хохирогч цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн юм.
Тус хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Амгаланбаатар, штабын дарга н.Баяраа, “Галтууд” ХХК-ийн захирал Д.Төрбаяр, түүний эхнэр Б.Баярчимэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн тухай мэдээллийн эх сурвалжуудаар түгээд байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, бусдыг амиа алдахад хүргэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх. Аав ээжийн амин хүү 19-хэн насандаа ийнхүү амь насаа харамсалтайгаар алдсан нь дэндүү харамсалтай. Цэргийн албаны хариуцлагагүй байдал, дэг журмын назгайрал хавтгайрсан нь дээрх хэргээс бэлхнээ харагдана. Албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээсэн хүний амийг нөхөх арга даанч үгүй.
ЦЭРГҮҮДИЙГ ДЭГЛЭСЭН АЙМШИГТ ЯРГАЛАЛУУД
Болж өнгөрсөн жишээнүүдээс дурдъя. Энэ хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр гарсан байдаг. Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас зүүн хойш 60 км-т Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаагч амиа хорлож нас барсан тухай нэг хэсэгтээ шуурцгаасан. Алба хаагч 21 настай ахлах байлдагч С заставын малын хашааны шургааг модноос өөрийгөө боомилж нас барсан байдаг. Амиа алдахын өмнөхөн “Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн аав ээж, ахдаа захидал илгээж байсан гэдэг. Өөр нэгэн жишээ. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг гүйж байхдаа “Багтраад байна, цааш гүйж чадахгүй нь” гэхэд тус ангийн ахлагч М зодож гэмтээн, ухаан алдаж унахад нь эмч дуудсан ч аль хэдийн амьсгал хураасан гэдэг.
Хилийн цэрэгт алба хаах гээд явсан ах минь согтуу даргадаа шөнөжин дэглүүлж хөл нүцгэн хүйтэн цементэн дээр зогсож хөлөө хайруулснаас болж халуурч бүлээрч улмаар тархины менингит болж үхэл амьдралын зааг дээр очин тархины хүнд өвчинтэй хүн болон халагдаж байлаа гэж ярих гомдол тээсэн хүний яриаг ч сонсож байлаа. Зодуураас болж чихний хэнгэрэг цоорох, дотоод шүүрлийн эрхтэнүүд гэмтэх, хамрын яс хугарах бол энүүхэнд гэдгийг үе, үеийн цэргүүд гэрчилдэг.
Эх сурвалжаас өгсөн мэдээллээр 2019 оноос хойш 13 цэрэг амиа алдсан гэх дүн мэдээ байна. Гуравхан жилийн дотор шүү. Энхийн цагт эр цэргийн албанд мордсон ч цэргийн ангиудад тогтож ужгирсан яргалал, дэглэлтийн золиос болсон алба хаагч цэргүүдийн хувь заяа дэндүү харамсалтай. Ийм л болохоор цэрэгт хүүгээ явуулах хүсэлтэй эцэг эх Монголд ховор байгаа юм шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Уул уурхай, барилгад хэдэн хүн амиа алдаж байгааг мэдэж байгаа анхаарч байгаа хүн байна уу
Монгол цэрэг армиар юугаа хийнээ ямар чадах ч биш. Эх орноо баялгаа худалдсан новшнууд төрд зайдалж байна. Цэрэгт явсан залуусыг бөөнөөр устгах лагерь хэрэггүй.