Манай байрны ойролцоо мууртай өвөө байдаг юм. Би гэртээ харих замдаа уламжлал ёсоор тэдний гадаах сааданд сууж амардаг юм л даа. Хөлөө амрааж сэрүүцэн суухдаа амны цангаагаа тайлж ус уух, зайрмаг долоох зэргээр 20 минут хэртэй саатна. Мууртай өвөөтэй хоёр дахь өдрөөсөө л нүүр хагарч “найз” болоодохов. Түүний муур тайван амгалан, тарга тэвээрэгтэй, эрээн зүстэй, эрх зантай. Өвгөн муурандаа хүзүүвч зүүж уяанаас нь тас атгаастай.
Тэд өдөр бүр гадаалж агаар салхи амьсгалж, орчин тойрныг сонирхон суудаг. Гэтэл гэнэт хажуу айлынхаа хоёр хүүхдийг өрөвдөв. Тэр хоёр хүүхэд 2-5 насныхан, өдөржин гэртээ цоожтой өнжиж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж байгаа нь сонсогддог. Заримдаа дүүгээ ах нь загнаад уйлуулчихаар хананы цаанаас би зандрах, аргадах зэрэгцүүлж, энэ хоёр яаж баллаж байгаа бол гэж бодохоос зүрхшээм.
Оройдоо аав, ээж хоёр нь зэрэг шахуу ирмэгц мөнөөх хоёр жаал дуу шуу, инээд хөөр болцгоон үүд рүүгээ гүйлдэн хэн хэнийгээ шулганан ховлоно. Тэдэнд мууртай өвөө шиг гадаа авч гараад тоглуулчих өвөө, эмээ байдаггүй юм болов уу гэж тандах. Хэрэв байдаг бол юу гэж хоёр жаахан ач, зээгээ бүтэн өдөр дөрвөн ханан дунд цоожлоод явах вэ дээ гэж зөвтгөх. Тарган эрээн муур хүржигнэн зайрмагаас минь горьдон наалдаж, зэргэлдээх хайсны завсраар шагайх зэрлэг муур руу сонжин гэтэх.
Харин өвгөн хэнд нь ч үл ойртуулан, өндөг шигээ түүнийг харамлан хамгаалж, өөрийнх нь хэлснээр вакцин, туулгандаа хамрагдсан цэвэрч амьтныгаа өвөр дээрээ тэврэн авах. Үүнтэй зэрэгцэн амьтнаас ч дор үзэгдэх, гадаа ч тоглох эрхгүй хоёр жаахан хүүгийн тухай бодсоор гэр рүүгээ алхлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
өвгөчүүл хүүхэд харж чадахгүй аягүй бол балайрч байгаад алдчихна муур өвгөн хоёр зэрэг үхнэ
ӨВӨБӨТЭЙ МУУР.
Mongolia is very bad country in the world.