ОЛОН ӨНГӨ: Хүүхэд, хөгшдөд хүрз жоотуу “бариулъя”

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 29

Аадар борооны улмаас эвдэрсэн зам, аян замын ачааллаас болоод хонхойсон нүх энд тэндгүй онгойж харлаад хотын өнгө үзэмжийг гутаана.

Үүний зэрэгцээ таг нь “хулгайлагдсан” траншейны нүхнүүд “хачир” нэмж соёлт хотод маань “хөөрхөн хөг” нэмэх аж. Хөг гэдэг нь аялгуу эгшиг биш золгүй тохиол, осол гэмтэл гэдэг агуулгыг багтааж буй хэрэг юм. Би л гэхэд таксинаас буугаад траншейны нүх рүү унаж хөлөө шалбалж байсан түүхтэй. Шалбараад өнгөрсөн нь их юм. Хүүхэд, хөгшид нүхэнд унаад эрэмдэг зэрэмдэг болсон тохиолдол бишгүй л дуулдах.

Саяхандаа хоёр жаал тоглож яваад нүхэнд унаж золтой л нүүр амаа хэгзэлчихээгүй өнгөрсөн. Тэр нүхнүүдийг сайхан сэтгэлт залуус олж очиж таг хийж бүрэн бүтэн болгосон.

Тэгвэл уржигдрын борооноор эвдэрч хагарсан замыг жаалхан хүү жижигхэн гараараа тоосго чулууны өөдөс зөөж битүүлж тэгшилж байх юм.  Бид тэр хүүг магтаж урамшуулаад өнгөрнө. Харин өөр нэгэн газар өнөөх нүхнүүд хэвээрээ л үлдэнэ.

Зүй нь бол хотыг гутааж, хүмүүст аюул учруулж буй эдгээр зөрчлүүдийг холбогдох газрууд нь дор бүрнээ шалгаж, засаж янзлах учиртай. Тэд төрөөс цалин авч, төсвөөс хөрөнгө татаж суугаа учир юун түрүүнд иймэрхүү асуудлаа цаг тухайд нь шийдвэрлээд явах үүрэгтэй. Нүд нь тагларч, чих нь бөглөрсөн төрийн албаны ажилтан албан хаагчдад яаж хэлбэл ухаарах вэ. Санаачилгатай залуусаас зовдоггүй юм аа гэхэд сэргэлэн тусч хүүгээс ичдэггүй юм байх даа. Уг нь бол тэдний яс хавталзаж, нүүр улалзаж байх ёстойсон. Яршиг зүгээр эвдэрхий зам дээр тээглэж унадаг, онгорхой нүх рүү ойчиж бэртдэгээрээ хөгшид, хүүхэд хүрз жоотуу бариад зассаар байх юм уу. Харин тэдэнд эрхийг нь өгч, төсвийг нь атгуулахаа мартуузай.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top