Шинэ хичээлийн жил эхлэх үеэр хөдөө, орон нутгаас нийслэлийг зорих оюутнуудын цуваа тасрахгүй. Эрдэм мэдлэг өвөртлөхөөр ирж буй залууст дотуур байрны ор хүрэлцэхгүй тул арга буюу хажуу болон 1-2 өрөө байр түрээсэлдэг. Гэвч жилээс жилд өргөн хэрэглээний барааны ханш өсөхийн хэрээр түрээсийн байрны үнэ түүнийг дагаад хэд дахин нугардаг. Тиймээс тун удахгүй оюутан залуус хотыг зорьж түрээсийн байр, өрөөгөө хайх энэ үед бид байрны түрээсийн үнэ ханшаар сурвалжилга бэлтгэлээ.
Улаанбаатар хотод одоогоос гурван сар орчмын өмнө түрээсийн байрны дундаж үнэ 30 хувиар өссөн байв. Үүнд цементийн үнэ өсөж, олдоц багассан, барилгын бусад материалын үнэ өссөн нь шинэ орон сууцын түрээслэх болон худалдаалах үнэ тэнгэрт хадах нэг шалтгаан болсон. Эдийн засгийн хямрал хоёр улирал дараалан нүүрлэж буй энэ хүндхэн цаг үед оюутан залуус гэлтгүй ажил хийдэг залууст ч байрны түрээс толгойн өвчин болжээ.
Түрээсийн байр хайж буй иргэн Г.Баттөр, “Би хувийн байгууллагад ажилладаг залуу хүн. Эхнэр бид хоёр нийлээд сард 1.8 сая төгрөгийн нэрлэсэн цалин авдаг ч авсан мөнгө түрээсэнд урсчихдаг. Хэдэн сарын өмнө бид хоёр нэг өрөө байр түрээслэх гэж хайгаад бүтэн өдөр явлаа. Тэгээд нэг айлд очоод үзтэл цэвэрхэн биш хэрнээ сарын 800 мянган төгрөг авна гэсэн.
Мөн түрээслүүлэгч нь ‘Би хөдөө амьдардаг. Хааяа нэг өрөөндөө ирж очин байдаг. Одоо цагт жоомгүй түрээсийн байр гэж байх уу’ гэж хэлсэн. Мэдээж жоом, бясаагүй байр байж л таараа шүү дээ. Ер нь байр түрээслүүлж байгаа зарим хүн амьдралаас жаахан тасарчихсан хүмүүс шиг санагддаг. Хэлсэн үнэдээ тохирсон байр хотод тун ховор байна даа” гэв. Зарын дагуу холбогдож үзвэл ихэнх түрээсийн байрны төлбөрийн нөхцөл зургаа болон түүнээс дээш сараар байсан нь сарын цалингаараа амьдардаг иргэдэд хүндхэн тусдаг байна.
Та итгэхгүй бол тооцоолоод үзье. Улаанбаатар хотод 1.4 сая төгрөгийн цалинтай иргэнийг дундаж орлоготой хэмээн Үндэсний статистикийн хорооноос үзэж буй. Энэ иргэн сард нийгмийн даатгал, ХХАОТ, эрүүл мэндийн даатгалаа төлөөд гар дээр 1.12 сая төгрөг авна. Мөн үүнийгээ 14 хоног тутамд хоёр хувааж гар дээрээ авдаг. Ингээд бодохоор хотын төвд нэг өрөө байр 900 мянган төгрөгөөр түрээслэхийн тулд идэх хоолоо танаж, автобусанд ч суух эрхгүй амьдрах ёстой аж.
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА
Нийслэлийн хүн ам хамгийн ихээр суурьшдаг Баянзүрх дүүрэгт нэг өрөө байрны түрээсийн үнэ 600 мянгаас 1.9 сая төгрөгийн хооронд байна. Байршлын хувьд Улаанхуаран, Офицеруудын ордон руу дөхөх тусам үнэ буурч 700-750 мянган төгрөгийн түрээстэй байв. Харин хотын төв хэсэг рүү дөхөж орон сууцын зэрэглэл ахих тусам европ маягийн дотоод тохижилттой тансаг зэрэглэлийн нэг өрөөний сарын түрээс хоёр сая төгрөг шүргэж байгаа аж. Баянзүрх дүүрэгт хоёр өрөө орон сууцын сарын түрээсийн үнэ 750 мянгаас 2.5 сая төгрөг байна.
Тухалбал, Кино үйлдвэр хавиар оюутан залуус голдуу байр хайдаг ба сарын түрээс нь 850-900 мянган төгрөгийн ханштай байгаа. Мөн хотын төвийн таван дүүрэг дотроос Сүхбаатар дүүрэгт байрны түрээсийн үнэ хамгийн өндөр байсан юм. Тус дүүрэгт нэг өрөө байрны сарын түрээс 650 мянгаас 3.5 сая төгрөгийн ханштай байна. 220 мянгатад байрлах Соёмбо тауэрт гэхэд нэг өрөө орон сууцын сарын түрээсийн үнэ 3.5 сая байх ба төлбөрийг дөрвөн сараар авах ажээ. Түүнчлэн тус дүүрэгт хоёр өрөө орон сууцын үнэ 800 мянгаас 6.4 сая төгрөг байлаа. Дээд үнэ нь 6.4 сая төгрөг ч ихэвчлэн 1.3-1.5 сая төгрөгөөр сарын түрээсээ төлөх боломжтой орон сууцууд зонхилж байна.
Баянмонгол хороололд хоёр өрөө орон сууцыг сарын 1.4 сая төгрөгөөр түрээслүүлэх зарын дагуу холбогдоход утсыг зуучлалын компанийн ажилтан авлаа.
Зуучлалын компанийн ажилтан, “Удахгүй хичээл, сургууль орох дөхөөд хөл хөдөлгөөн эхлэхээр энэ байршилд хоёр өрөө байр ийм үнээр олдохгүй. Хүмүүс ороод дуусчихаар үлдсэн цөөн байр нь үнэтэй болох нь тодорхой” гэв. Тэгэхээр одоогоор зарагдаж буй ханшийг танилцуулсан ч хүссэн хүсээгүй намар болмогц байрны түрээсийн үнэ өсөх аж. Тэгвэл хүн ам мөн ихээр суурьшдаг ч хотын төвөөс бага зэрэг алслагдмал гэдэг утгаараа байр харьцангуй хямд байдаг Сонгинохайрхан дүүрэгт нэг өрөө орон сууцын сарын түрээс 380-900 мянган төгрөг байна. Мөн хоёр өрөө орон сууц 580 мянгаас 1.2 сая төгрөг байгаа аж.
Харин гурван өрөө орон сууцын сарын түрээс 1-1.5 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэтэй Сүхбаатар дүүрэгт нэг өрөө байр түрээсэлсэнтэй адил байна. Их дэлгүүр, их дээд сургуулиудтай ойр гэдэг утгаар Чингэлтэй дүүрэгт ч түрээсийн байрны үнэ харьцангуй өндөр байв. Тухайлбал, хоёр өрөө 950 мянгаас хоёр сая төгрөг, нэг өрөө 900 мянгаас 1.5 сая төгрөг, гурван өрөө орон сууц 1.1-3.9 сая төгрөгийн ханштай байна. Мөн Баянгол дүүрэгт нэг өрөө орон сууцын сарын түрээс 600 мянгаас 1.1 сая төгрөг, хоёр өрөө орон сууцынх 700 мянгаас 2.3 сая төгрөг байлаа.
ХАЖУУ ӨРӨӨНИЙ САРЫН ТҮРЭЭС 600 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЧЭЭ
1-3 өрөө байр түрээслэх боломжгүй болсон залуус айлын хажуу өрөө түрээслэх сонголттой тулдаг. Улаанбаатар хотод байрлах хажуу өрөөний сарын түрээс 180-600 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ сард 600 мянган төгрөг төлж айлын хажууд суусны оронд найз, хамаатантайгаа нийлж нэг өрөө байранд 700-800 мянган төгрөгөөр амьдарсан нь хамаагүй дээр гэдгийг оюутнууд хэлж байсан юм. Хажуу өрөөнүүд ихэвчлэн сард 300-400 мянган төгрөгийг ханштай байна. Мөн төлбөрийг зургаан сараар нь бөөнд нь авахдаа нэг сарын барьцаа мөнгө авна гэдэг нь түрээслэгчдэд тулгардаг томоохон асуудал гэнэ.
Монголбанкнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан судалгаагаар, тавилгагүй хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 1.1 сая төгрөг бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 650 мянган төгрөг байна хэмээн мэдээлсэн. Гэвч одоогоор Хан-Уул дүүрэгт хоёр өрөө байрны түрээсийн үнэ 850 мянгаас дөрвөн сая төгрөгийн хооронд байгаа. Мөн хамгийн хямд үнэтэй байртай гэгдэх Сонгинохайрхан дүүрэгт одоогоор хоёр өрөө байрны сарын түрээс сая төгрөг гарч байна.
Түүнчлэн Монголбанкны өнгөрсөн жилийн судалгаагаар хажуу өрөөний сарын түрээс 270 мянган төгрөг байсан бол одоо энэ үнэ хэдийн 600 мянган төгрөг давсан. Хамгийн сонирхолтой нь тус судалгаанд нэг өрөө байрны дундаж үнэ 620 мянган төгрөг гэж дурдагдсан ч одоогоор хотын төвд энэ мөнгөөр орон сууцын зоорийн давхарт тааруухан өрөө хөлслөх л боломж олдох юм байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Барилгын компанууд арай дэндүү үнэ өсгөж байгаа шүү.Дээр нь түрээслэж байгаа хүмүүс арай л дэндүү байна шүү засаг энэ бүгдэд анхаарал хандуулаарөй
Цeмeнт өслөө гээд байрны түрээс нэмдэг нь хаашаа ч юм. Нэгнийгээ бас хамаагүй шулж болохгүй л дээ. байраа түрээслүүлдэг байхад бүр 4 өрөө байранд 200.0 аар 2 жил амьдарсан охидууд байгаа ш дээ. Хажууд нь өөр хүмүүс оруулахаар загнасаар байгаад гаргачихдаг нэг сэргэлэн охин байсан. Юнитeльд ажилладаг. Сүүлдээ ч зарсан л даа. Түрээсийн хүмүүс байр бясаатай болгочихдог юм байна билээ. Дэмий.
Mgl hun uur.gu unelehgui bol argagui hun bur hariuthlagatai hiij bga ajil daa ezentei hudlaa helj hulgai hiihgui eh orondoo eeltei erged bhgui bol argagui bie zuv soeltoi amin bie hairlaj hunlehgui hench unelehgui ee arhi tamhi hayj eh orondoo ezentei erged baihgui neg piw n yavaad bval Mgl hun ulegdehgui ee emegtei erteigui arhind amarhan yavdag uls yunii tuluu ajil amdraad bga ard tumen amin bie hairlaj zuv hoolloj uurdu zuv zuv niigem shaardahgui yuch uurchlugduhgui yadaj hogoo zuv hayj hotoo theverhen baiga ungu unthug uurlugduj uurdu unetei bolno