ОЛОН ӨНГӨ: Хэлж ирдэггүй хийсэж ирдэг уй гашуу

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Гал түймэрт 1-5 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай мэдээлэл өмнө долоо хоногт цахим сүлжээгээр цацагдаж, хүмүүс ихэд цочирдон хүлээн авсан билээ. Тодруулбал, Булган аймаг, Тэшиг сумын Хужирт багт энэхүү үйл явдал болжээ. Гурван бяцхан зүрх зогссон, сэтгэл сэртийлгэм уг золгүй явдалд эмгэнэл илэрхийлэх олон хүн байсан ч хариуцлага алдсан эцэг, эхийг нь шалгуул гэсэн хүн ч цөөнгүй байлаа.

Иргэн Н “Ийм тохиолдолд хариуцлага алдсан эцэг, эх, асран хамгаалагчдад хуулийн хариуцлага үүрүүлмээр байгаа юм” гэжээ. Хэдий эцэг, эхийн анхаарал болгоомжгүй, хариуцлага алдсан явдлаас болж зуурдаар гурван хүүхэд тэнгэрт хальсан ч, сэтгэл нь өмөрч, энгэр нь хоосорч итгэж ядан, өөрсдийгөө зүхэн байгаа хүмүүсийн оронд нь өөрийгөө нэг тавиад үзээрэй. Ямар ч эцэг, эх хүүхдээ эдгэшгүй хүнд өвчтэй ч бай, нүд халтирам болсон ч бай амьд байлгахын тулд эцсээ хүртэл явдаг шүү дээ.

Үүнийг бид хүнд өвчиндөө шаналан буй Х.Эрхэс хүүгийн эцэг, эхийн хүүхдээ аварч үлдээх гэж чадах бүхнээ хийж, “Эрүүл эрхтнээ зарна” хэмээн халуунд халж, хүйтэнд хөрж яваа жишээнээс харч болно. Гурван хүүхдээ зуурдаар алдсан эцэг, эхэд амьдрал ял мэт санагдаж болно. Бид цахим орчинд нэмж яллах ёсгүй. 

Булган аймаг, Тэшиг сумынхан “Халуун сэтгэл” хандивын аян өрнүүлж, гурван хүүхдээ зуурдаар алдсан эцэг, эх, ахад нь сэтгэлийн дэм болж байшин барих ажлыг эхлүүлжээ. Хэлж ирдэггүй хийсэж ирдэг уй гашуу тэдний гэрэл гэгээг авч одон, сүүдэр татуулсан ч амьдрал үргэлжилсээр байна. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, цаашид амьдрах итгэл, найдвар өгч чадахуйц хүн бай. Үгүй бол зарим зүйл дээр хэлээ хазаад өнгөрөх ухамсартай бай.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top