ОЛОН ӨНГӨ: Биеийн бөхөөр нэгийг ялна, сэтгэлийн бөхөөр мянгыг ялна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

“Өндөгийг дарж байж дэгдээхэй болгодгийн адил бүх юманд тэвчээр хэрэгтэй.” хэмээн Арнолд Х.Гласгов хэлсэн байдаг. Гэвч хөх тэнгэр шигээ уужим гэгддэг  монголчууд тэвчээргүй шарваганасан зантай болоод байх шиг. Автомашинаас хүн бууж, суух хооронд гэрлээ анивчуулж, сигналаа дуугаргаж байж ядна. Минут ч хүрэхгүй хугацаанд уурлаж, ундууцан зарим нь цонхоороо хараалын үгийг гамгүй урсгаж харагдана.

Болохгүй, бүтэхгүй, байж боломгүй зөрчил гаргасан юм шиг юунд тэгж цухлаа бардгийг гайхах. Бүх зүйлд ингэж хандаад байвал ойр орчныхноо эрсдэлд оруулна. Ийм л хэсэгхэн зуурын бухимдал, тэвчээргүй байдлаас болж хэчнээн хүний амьдрал, хувь заяа орвонгоороо эргэж байгааг ойлгож, ухаармаар юм даа.

Өчигдөрхөн гэхэд Тэнгис кино театрын автобусны буудлын ойролцоо автомашинаас хүн бууж байх үед нийтийн тээврийн автобус ирж дуут дохиогоо хангинуулснаас болж автомашинаас бууж байсан эмэгтэй хаалганд гараа хавчуулчихлаа. Гараа хавчуулсан эмэгтэй хуруугаа хөдөлгөхөд хэцүү байгаа бололтой, ёолж байв. Хэрэв ганцхан хором хүлээсэн бол тэр эмэгтэйн хэдэн өдрийн ажлын бүтээмж алдагдахгүй байж болох шүү дээ.

Мөн нэгэн жишээ дурдахад зогсоол булаацалдсан иргэд маргаж нэгнийхээ аминд хүрсэн. Тус хэрэг нь санаатайгаар үйлдсэн хэрэг бөгөөд тэвчээргүй зангаас болжээ. Энэ мэт нэгийгээ дийлэх гэсэн, аливаа асуудалд ул суурьгүй ханддаг зангаас болж өөрөө ч хохирч, өрөөл бусдыг ч хохироож байгаа үйл явдлууд давтагдсаар л... Залуус аа! “Биеийн бөхөөр нэгийг ялна, сэтгэлийн бөхөөр мянгыг ялна” гэдэг шүү дээ. Монгол түмний уужуу ухаан, уудам сэтгэл хэлтийгээд л байх шиг.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top