ОЛОН ӨНГӨ: Бусдыг сэтгэлийг сэмлэх хорон үйлдэл

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Нэгэн ээж цахим хуудсаараа дамжуулан олон хүнтэй бүлгэмд “Төрөөд сар болж буй хүүгээ өргүүлнэ. Авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” хэмээн бичжээ. Ингэхдээ хүүхдийнхээ зургийг мөн тавьсан байна. Түүнийг харсан хүн бүрийн дотор давчдаж, нулимс мэлмэрч басхүү уур омог нь ч бадрах байх. Тухайн постны доор сэтгэгдэл бичсэн иргэд эмэгтэйг “арчаагүй амьтан, төрсний дараах сэтгэл гутрал байлаа гээд ингэхгүй, үхээч” гэх мэтээр муухай хараал урсгажээ.

Мөн нэлээд хүн хүүг өргөж авъя, дугаараа өг гэж бичсэн байв. Эмэгтэйн утас руу залгаж учрыг тодруулах гэсэн боловч дуудлага авахаас халширсан хөөрхий бүсгүй утсаа салгаж байлаа. Цахим орчинд олон хүн хуваалцсан энэ хэргийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шалгаж байгаа талаарх мэдээлэл ч цацагдав. Хэрэг мандуулж, олон хүний даралт ихэсгэсэн энэ үйл явдлын учир олджээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Би фэйсбүүктээ орж чадахгүй удаж байна. Өнөө өглөө гар утсаа хулгайд алдсан. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар хүрээгүй нялх. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Би одоо цагдаад очиж гомдол гаргах гэж байна” хэмээжээ.

Хүмүүс хүн чанаргүй болж. Бусдын утсыг олмогцоо кодгүйг нь далимдуулж амаржаад удаагүй эхийг хямрааж цагдаа сэргийлэхэд дуудуулах ч гэж дээ. Эндээс хамгийн их хохирсон хүн нь өдөржин фэйсбүүкээр зураг нь урссан тэр нялх амьтан. Нүүр царайг нь дараагүй, уйлж байгаа төрхийг нь гаргасан тэр зургийг хаа сайгүй цацахдаа хорвоод мэндлээд төд удаагүй нярайн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаагаа мэдсэн болов уу.

Хүн хүндээ хайргүй болж. Амаржаад удаагүй ээж, хүү хоёрыг хохироосон, муухай үгээр дайрсан хүмүүс эргээд уучлалт гуйх нь юу л бол. Тийм болохоор үр дагаврыг нь тооцоолж, хариуцлага хүлээж чадахгүй бол хүнийг гомдоох хорон үйлдэл битгий хийгээрэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top