Зуны улиралд эл хуль байдаг багшийн дээд хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнийг сануулах мэт хүний хөлд дарагджээ. Их сургуулиудын ойр орчмын гарц дээр ногоон гэрэл асахыг хүлээж буй хүмүүсийн ихэнх нь оюутан залуус харагдав. Тэдгээр хүмүүс гарцны цагаан зураасандаа багтаж ядан зөрцгөөж байлаа. Жил бүрийн өдийд хүүхдээ их, дээд сургуульд бүртгүүлсэн эцэг эхчүүд дараагийн асуудал болох сургалтын төлбөрт санаагаа чилээдэг. Улсын эдийн засгийн байдал хүндэрч, данс улайсан энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөр өссөн гэх тул энэхүү сурвалжилгаараа тодруулан хүргэж байна.
ХААИС, ШУТИС ТӨЛБӨРӨӨ 30 ХУВЬ НЭМЖЭЭ
Их, дээд сургуулиуд наймдугаар сарын 26-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 140 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Энэ жилийн хувьд бүх их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсээд байгаа аж. Өнгөрсөн хичээлийн жилийн нийт суралцагчдыг мэргэжлийн ерөнхий чиглэлээр авч үзэхэд хамгийн олон нь буюу 43 мянган оюутан бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн мэргэжлийн чиглэлд, хамгийн бага нь буюу 2000 оюутан хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжлийг сонгон суралцсан байгаа юм.
Нийгмийн байдал, үзэл хандлагаас шууд хамаарч ямар мэргэжил илүү эрэлттэй, ирээдүйд өсөж дэвшихээр байна, цалин хэд байгааг судалж сонгодог болжээ. Тийм ч учраас санхүүгийн мэргэжил бол хувь хүнд ч, улс нийгэмд ч үргэлжид чухал нөлөөтэй мэргэжил хэмээн дийлэнх оюутнууд сонгож байна.
“Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан саяхан л мэдэгдэж байсан.
Гэвч бодит байдал дээрээ төрийн өмчийн ХААИС болон ШУТИС нь сургалтын төлбөрөө 30 хувиар нэмчихлээ. Бид энэ талаар тодруулахаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг зорив. Тус сургууль руу ороход элсэлт бүртгэлийн ажил хийгдээгүй болох нь ажиглагдлаа. Харин сургалтын албаны хүмүүс ажилдаа оржээ.
ШУТИС-ийн Сургалтын хөтөлбөр бүртгэлийн алба хариуцсан мэргэжилтэн Д.Батдорж “Бүртгэлийн ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Жилд дунджаар 15 мянга гаруй оюутан суралцдаг. Шинээр 4000 орчим оюутан элсэж байна. Оюутан жилд 30-40 кредит хичээл судалдаг. Энэ жил курс, салбар сургууль харгалзахгүй нэг кредит хичээл дунджаар 138 мянган төгрөг болсон” гэв. Харин 2021-2022 болон түүнээс өмнөх оны элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 83-105 мянган төгрөгийн хооронд байсан юм. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд оюутан 35 кредит хичээлийн 3.675.000 төгрөгийн сургалтын төлбөр төлдөг байсан бол энэ жил 4.830.000 төгрөгийг сургалтын төлбөрт төлнө. Ингээд бодохоор ШУТИС-ийн сургалтын төлбөр 1.155.000 төгрөгөөр нэмэгджээ.
“МУИС ТӨЛБӨРӨӨ НЭМЭХГҮЙ”
Их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийг сүүлийн жилүүдэд жил бүрийн хэрэглээний үнийн индекс, инфляцын өөрчлөлттэй уялдуулан 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсээр ирсэн байдаг. Гэтэл энэ жил 30 хувьд хүртэл сургалтын төлбөрөө нэмсэн сургуулийн нэг бол Хөдөө аж ахуйн их сургууль. Тус сургуулийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран өнгөрсөн жил л гэхэд 111-128 мянган төгрөгийн хооронд байсан бол энэ жил 127-156 мянган төгрөг болж, 30 хувиар нэмэгдсэн аж.
Энэ талаар ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Их дээд сургуулиуд төсвөө арванхоёрдугаар сард батлуулдаг. Тэр үед их дээд сургуулиуд төлбөрөө нэмэх эсэхээ шийддэг. ШУТИС болон манай сургууль төлбөрөө 30 орчим хувиар нэмсэн. Энэ батлагдсан төсвөөрөө энэ оноо дуусгана. Цааш нэмэх эсэхээ арванхоёрдугаар сард шийднэ” гэжээ. Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулиар ороход элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байлаа. МУБИС нь салбар сургууль болон хичээлээсээ хамаарч нэг кредит хичээлийн төлбөр 78-96 мянган төгрөг байна. Тус сургуулийн сургалтын төлбөр өмнөх жилийнхтэй ижил буюу нэмэгдээгүй байгаа аж.
Харин МУИС-ийн нэг кредитийн үнэлгээ ерөнхий суурь хичээл 98600 төгрөг. Мэргэжлийн суурь болон бусад хичээлийн төлбөр 100.700-120.800 төгрөгийн хооронд байна.
Тус сургуулийн Элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцогт “Бакалаврын түвшний 16 мянган оюутан суралцаж байна. Сургуульд элсэн орох бүртгэл өнөөдрөөр дуусаж байна. Хувиараа авсан хүүхдүүд сургуулийн системийн нэвтрэх кодоо авч байгаа. Тэр хичээлийн жилд хэдэн кредит хичээл үзэхээ оюутан өөрөө шийднэ. Шинээр элсэгчид маань нэг кредит хичээлээ 98600 гэж тооцож төлбөрөө хийнэ. Одоогоор төлбөр нэмэх асуудал хэлэлцээгүй байгаа” гэлээ.
СЭЗИС-ИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 12 ХУВИАР ӨСЖЭЭ
Төрийн болон төрийн бус өмчийн зарим сургуулийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэе.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бүх шатны сургууль, цэцэрлэгийг зэрэг эхлүүлэхгүйгээр үе шаттай нээхээр судалж байгаа аж. Тэрбээр “Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 36 мянган хүүхэд оролцсон. 30 мянга нь шинээр оюутан болох таамаг байна. Үүнийг дагасан ачаалал эрс нэмэгддэг учир их, дээд сургуулийн хичээлүүдийг нийслэлийн ачаалалтай уялдуулан зохион байгуулах, ес болон аравдугаар сард ахлах курсийн оюутнуудыг хичээл, практик хийх зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна. Жил бүр хөдөө орон нутгаас 20 мянган оюутан ирдэг учир I, II курсийн оюутнуудыг тухайн нутагт байгаа төрийн өмчийн их дээд сургуулиуд дээр суралцуулах төрийн дэмжлэг үзүүлэх, ур чадвартай их дээд сургуулийн багш нарыг хөдөө орон нутагт очиход орон сууцны дэмжлэг үзүүлэх, цалинг нь нэмэгдүүлэх зэрэг бололцоог бүрдүүлнэ” гэсэн юм.
Төрийн байгууллагад ажилладаг хүний цалин дунджаар 800 мянган төгрөг. Энэхүү цалингаа огт хэрэглэхгүйгээр зургаан сар цуглуулахад нэг хүүхдийн сургалтын төлбөр цугларна. Гэвч Монголчууд цалингаас цалин, өрнөөс өрний хооронд өдөр хоногийг аргацааж амьдардаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь бүрдүүлэхээс гадна дотуур байр, унаа, хоолны мөнгө гээд тоочоод байвал зардлууд их. Тиймээс иргэд чангалсан байгаа бүсээ дахин чардайтал чангалахаас өөр аргагүй байдалтай байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Хэ хэ хүүхдээсээ эхлээд л томчуудын ашиг олох хэрэгсэл болсоор ирлээ дээ ийм тогтолцоотой байхад хөгжил яриад хэрэггүй биз
Negmusun 40-50 saya bolgoo. Tegeed ih surguuliudaa atestatchilal hiigeed 80-%-iig ni haah heregtei. 3 saya hund 20 ih deed surguuli baival bolno
манайд чухал хэрэгтэй байгаа мэргэжил эзэмшүүлдэг дээд сургуулиудын төлбөрийг их оноотой н харицуулан хөнгөвчлөх хэрэгтэй. Ер н төлбөрийн цаана чанар байх ёстой шүү. Нөгөө талаар төлбөр нэмсэн н элсэх оюутан н багасна. Тмс буюу мсү төвд элсэх сайн талтай юмуудаа
Өшөө олигтойхон нэмээч
Миус бол хамгийн чанаргүй сургууль шүү хүүхдүүдээ нэрнээс цаашгүй хичээл сонголт нь жил бүр стресстүүлдэг хэзээч сайжруулдаггүй ийм л бдаг