Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сан хөгжүүлсэн туршлагаа хуваалцана

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ирлээ.

Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар Хуримтлалын нэгдсэн сан байгуулах замаар иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжих, хүн амын хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг зорьж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Бүгд Найрамдах Сингапур Улсын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаас авахаар санамж бичиг байгуулсан.

Зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад наймдугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж, Сингапур Улс Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаас хуваалцан, Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохын тулд тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top