Монгол орны хүлэрт намгийг хамгаалах асуудлаар төсөл хэрэгжүүлэхээр санал солилцлоо

2022 оны 08 сарын 12

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон холбогдох албаны хүмүүс Монгол орны хүлэрт намгийг хамгаалах асуудлаар төсөл хэрэгжүүлэх талаар уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар Нидерланд улсад төвтэй Вэтландс Интернэшнл байгууллагын шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Татьяна Минаева, Жөргэн Наубер нар Монгол улсын нийт бод малын 80 орчим хувь нь нийт газар нутгийнхаа ердөө хоёрхон хувийг эзэлдэг ердийн болон доройтсон хүлэрт намгархаг газруудад төвлөрөөд байгааг судалгаагаар тогтоосныг өгүүлээд цаашид хүлэрт намгархаг газрын экосистемийг хамгаалах асуудлаар хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хүлэрт намгархаг газрын хамгаалснаар тэнд амьдрах ургамал, амьтан гээд биологийн төрөл зүйл, гадаргын усны нөөцийг хамгаалахаас гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой юм.  Уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа, Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.Болдбаатар нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top