ЕБС-ийн багш нарын мэдээллийн технологийн чадавхыг сайжруулна

2022 оны 08 сарын 15

Дежон хотын боловсролын газар ЕБС-ийн багш нарын мэдээллийн технологийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНСУ-ын Дежон хотын Боловсролын газрын дарга Сүль Донг Хо болон төлөөллийг хүлээн авч уулзлаа. БШУЯ, Дежон хотын Боловсролын газартай 2002 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр:

-Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг боловсролын мэдээллийн технологийн чиглэлийн сургалтад хамруулах

-Сурагчдын мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах, ухаалаг танхим байгуулах

-Боловсролын инновацыг дэмжих

-Цахим сургалтын дэд бүтцийг дэмжих, зайн сургалтын орчныг сайжруулах зэрэг хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулан үр дүнгээ өгөөд байна.

Хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд 464 багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр БНСУ-д сургалтад хамруулсан. 2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 155 дугаар сургууль, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад ухаалаг анги байгуулах төсөл амжилттай хэрэгжив.

2020 оноос ЕБС-ийн багш нарын цахим боловсролыг дэмжих, сайжруулах “Korean e-Learning Improvement Cooperation (KLIC)” хөтөлбөрийг хэрэгжүүлж, цахим сургалтыг амжилттай төгссөн багш нарт ухаалаг таблет олгосон юм. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 130, Соёл, урлагийн их сургуулийн харьяа Бадмаараг сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх ажил үе шаттай хэрэгжинэ.

Уулзалтын үеэр БШУ-ы дэд сайд цахимд суурилсан боловсролыг улам хөгжүүлэх, мэдээлэл зүйн багш нарын чадавхыг сайжруулах, ухаалаг танхим байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах гэхчлэн олон чиглэлд хамтарч ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Цаашид урт хугацаандаа хамтарч ажиллахыг хүсэхийн сацуу мэргэжлийн боловсрол, их, дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Дежон хотын Боловсролын газрын дарга түүний саналыг судалж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top