Монгол Улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан”, Онцгой байдлын байгууллагын бэлтгэл хурандаа, олон улсын хэмжээний мастер Түмбүүгийн ОТГОН
-1946 онд Төв аймгийн Баянчандмань суманд Түмбүүгийн отгон хүү болон мэндэлсэн.
-1966-1967 он Толгойт дахь Бөөний худалдаа, Төв түүхий эдийн баазын гэрээт Гал командад гал сөнөөгч
-1967-1974 он Төв гал командад гал сөнөөгч.
-1974-1977 он мөн ангид ээлжийн бага дарга
-1977-1987 он мөн ангид салааны дарга
-1987-1990 он Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Гурил тэжээлийн үйлдвэрийн гэрээт Гал командын дарга
-1990-1992 он Улаанбаатар хотын Нисэх онгоцны төв буудлын Гал командийн дарга
-1992-1996 он Гал унтраах X ангийн сургалт хариуцсан байцаагч
-1996-1999 он УБТЗ-ын Гал унтраах
501-р ангийн сургалт хариуцсан байцаагч
2000-2013 он Гал унтраах, аврах 10 дугаар ангийн орлогч, сургалт хариуцсан байцаагч
-Гал түймэртэй тэмцэх байгууллагад нийт 47 жил ажилласан.
Манай улсад албаны мэргэжлийн спорт болох гал унтраах техник спорт 1956 оноос хөгжижирсэн түүхтэй. Эдүгээ 66 жилийн ойтой золгож буй уг спортын XX зууны Монгол Улсын шилдэг тамирчнаар Үйлчилгээний гавьяат ажилтан Т.Отгоныг нэрлэх нь бий. Гал унтраах техник, спорттой 50 гаруй жилийн амьдралаа холбож, тамирчин, дасгалжуулагчаар ажилласан түүний энэ спортын хөгжилд оруулсан хувь нэмэр их ээ.
Тиймээс ч гал унтраах техник спортоор хичээллэдэг бүхэн Т.Отгон гуайг багшаа хэмээн хүндэтгэдэг.
Т.Отгон гавьяат 16 настайдаа Оёдлын 6 дугаар артелльд нормчин, засварчнаар ажлын гараагаа эхэлж байв. Дараа нь буюу 1966 онд түүнийг эгч нь дагуулан тухайн үеийн Бөөний бараа бааз, Төв түүхий эдийн баазын гэрээт гал командад ажилд оруулж байсан гэдэг.
“Намайг анх ажилд ороход манай гал командын тамирчид тэмцээнд орохоор бэлтгэлдээ гараад байсан үе. Би Оёдлын 6 дугаар артелльд ажиллаж байхдаа Хоршоолол нийгэмлэгт цанын спортоор 4 жил хичээллэчихсэн, тэмцээн уралдаанд ороод үзчихсэн тамирчин байлаа. Миний анхны багш гал сөнөөгч Донойн Машбат намайг ажлын эхний өдөр гал унтраадаг автомашин, техниктэй танилцуулж билээ.
Их авьяаслаг, ховорхон хүн байсныг надтай ажиллаж байсан ахмадууд бүгд мэднэ. Дуулна, бүжиглэнэ, галын техник спортоор манай командадаа толгой цохидог шилдэг тамирчин байсныг санан дурсаж байна. Үндсэндээ би 2 дахь ээлжиндээ л гарч байсан. Багш намайг дуудаж 60, 100 метрт гүйлгэж шалгахад би бэлтгэл хийж байсан тамирчдыг бүгдийг орхин түрүүлж ирдэг байсан. Тэгээд намайг багтаа авч бэлтгэл сургууль хийлгэн техник зааж эхэлсэн. Тухайн үед Амгаланд болсон гал унтраах техникийн олон төрөлт тэмцээний 3 сунадаг шатны төрөлд 3 дугаар байранд орж манай команд түрүүлж байлаа. Түүнээс хойш тасралтгүй 25 жил тамирчин, 30 орчим жил өөрийн командын болон шигшээ багийн дасгалжуулагчаар нийтдээ 50 гаруй жил ажилласан байна. Ер нь манай командаас маш олон тамирчин энэ спортоор ихээхэн амжилт гаргасан. Тэр битгий хэл спортын мастер Дашваанжилын Машбат тухайн үед тэмцээний таван төрөлд шагналт байранд орж шагналын тавцангаас буудаггүй, шагналын үйл ажиллагааг дуусгадаг байсныг олон хүн мэднэ. Зөвхөн манай командаас 5 хүн олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байлаа шүү дээ” гэж хуучилсан нь бий.
Гал унтраах техник спортоор 50 жил хичээллэхдээ 25 жил нь тамирчин, 25 жил нь дасгалжуулагчаар ажилласан байна. 1983 онд спортын мастер, 2004 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. 1966 оноос Дэлхийн болон Ази, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчнаар 25 удаа, дасгалжуулагчаар 25 удаа оролцож алт, мөнгө, хүрэл нийт 82 медалиар шагнагдсан.
Энэ хугацаанд Т.Отгон гавьяатын гарын шавь нараас хоёр алба хаагч олон улсын хэмжээний мастер, 28 алба хаагч спортын дэд болон мастер, 136 алба хаагч спортын 1, 2, 3-р зэрэгтэй тамирчид болсон байна.
Манай баг тамирчид хуучин социалист орнуудын Галын байгууллагуудын баг тамирчдын дунд зохион байгуулдаг олон улсын тэмцээнд анх 1973 онд Болгар улсад зохиогдоход оролцсон бөгөөд түүнээс хойш 1986 он хүртэл тасралтгүй оролцсон байна. Энэ тэмцээн хоёр жил тутам зохион байгуулагддаг байсан бөгөөд манай улсын баг тамирчид 1973 онд Болгар, 1975 онд Герман, 1977 онд Чехословак, 1979 онд ОХУ-ын Сочи, 1981 онд Унгар, 1984 онд ОХУ-ын Минск, 1986 онд Польш улсад болсон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байжээ.
1979 онд ОХУ-ын Сочи хотод болсон Өсвөрийн гал сөнөөгчдийн III удаагийн олон улсын тэмцээнд манай улс анх удаа Өсвөрийн гал сөнөөгчдийн баг тамирчид бэлтгэн оролцож, 3-р байр эзэлж байсан байна. Мөн тэр үед зохиогдсон насанд хүргэгчдийн 4х100 м-ийн буухиа төрлийн тэмцээний 4 дүгээр замд Монгол улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан” гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер Т.Отгон 3 секундэд тэвшний галыг унтрааж тусгай шагнал авч байжээ.
Гавьяат маань, галын техник спортоор хичээллэхэд Гал унтраах албаны чиглэлээр ажиллаж байсан нь ихээхэн нөлөөлсөн гэж ярих дуртай. Тухайн үед гал унтраах ангид өдөр тутмын дасгал сургуулийг маш чанартай хийдэг, хийлгэдэг байсантай холбоотой гэж хуучиллаа.
Энэ тухай гавьяат, “Гал унтраах албанд 50 гаруй жил ажиллахдаа шинээр ажилд орж байгаа гал сөнөөгч, галын автомашины жолооч, мэргэжлийн сургууль төгссөн алба хаагчдыг анх хүлээн авч гал унтраах арга зүй, галын өдөр тутмын дасгал сургуулийг зааж сургана, практик дадлага хийлгэнэ. Гал, усны аюулаас хүний амь насыг аварч, гал унтраах техникийн олон төрөлт спортод үзүүлсэн амжилтуудыг маань үндэслэн тэгж дууддаг байх. Энэ спортоор 50 жил тамирчнаар хичээллэж, дасгалжуулж байхдаа өөрийн мэддэг, чаддаг болгоноо хүний, өөрийн гэлтгүй хэлж, зааж сургаж байсан учир энэ спортоор хичээллэж байсан бүх хүн л намайг багшаа гэж дууддагт нь их баярладаг” гэж даруухан өгүүлнэ.
Т.Отгон гуай 1983 онд Улаанбаатар хотод болсон үерийн аюулаас 5 хүн, гал түймрийн аюулаас 46 нийтдээ 51 эрдэнэт хүний амийг аварч, амьдрал бэлэглэж байсан буянтай буурал.
“Бид тангараг өргөсөн алба хаагчид тул бэрхшээл хүндрэл учирч байсан ч толгой гудайлгаж байсангүй. Галын дуудлагаар очин галд түлэгдээд үхчихсэн хүнийг галаас гаргаж авах тийм ч амар биш шүү. Ер нь хүний амь насыг аврахын төлөө өөрийгөө золиослох алба өөр байдаг уу, тайван цагт л лав байдаггүй байх.
Галын дуудлагаар явж байхдаа бага насны хүүхэд, хэвтрийн хөгшид гал түймрийн аюулд битгий өртсөн байгаасай л гэж байнга санаа зовдог байлаа. Одоо бол замын түгжрэлээс л их санаа зовох юм. Дуудлагаар очихдоо чухам юун дээр очиж байгаа урьдчилан таах боломжгүй байдаг. Ялангуяа тэсэрч дэлбэрэх зүйл байж хүний амь нас болон гал сөнөөгч дайчдын маань амь насанд аюул учрах бий гэж юу ч боддоггүй байлаа. Хүний амь насыг гал түймрийн аюулаас авраад гараад ирэхэд хүмүүс биднийг тойрон хүрээлж баяр хүргэхэд үнэхээр сайхан, бидэнд урам зориг хайрладаг байлаа” гэж хүүхэд шиг хөөрөн ярина.
16 настайдаа төрдөө тангараг өргөж, тасралтгүй 50 гаруй жил ажилласан түүний хөдөлмөр, зүтгэлийг Монгол улсын төр өндрөөр үнэлж, 2005 онд Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртээсэн нь шинэ тутам байгуулагдсан Онцгой байдлын байгууллагын анхны гавьяат ажилтан болж байлаа.
Мөн 2017 онд Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Баатар” одонгоор шагнагдсан.
Ажил, амьдралынхаа ихэнх цаг, хугацааг Гал унтраах албатайгаа холбосон Т.Отгон эдүгээ ч галынхаа хэдтэй бужигналдаж суух дуртай.
Уулын хамгийн өндө хэсгийг Ноён оргил хэмээдэг бол олон аавын хүүгийн ажил, амьдралын залуур, түүчээ нь болж, гал унтраах техник спортыг хөгжүүлэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулж ирсэн түүнийг ийн адилтгахад хилсдэх юун.
Энд нэг дурсамж ярихад, ОБЕГ анх байгуулагдахад Онцгой байдлын сайдаар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилогдож байсан. Намайг 2006 онд эмнэлэгт хэвтэж байхад сайд маань эргэж ирсэн. Тухайн үед эмнэлгийн ажилчид “Салбарын сайд нь эргэж ирж байна. Та тэр сайдын ойр дотных нь хүн юм уу, ямар учиртай юм бэ? гэж асууж, гайхаж байсан. Онцгой байдлын жирийн ажилтан надад тэрнээс өөр хүндэт шагнал гэж юу байх вэ. Ер нь ямар ч цаг үед алба хаагчидтайгаа холбоотой, уялдаатай байж чадах хүн юм байна гэж бодсон. Ганц надад ч биш. 2020 онд энхийг сахиулж байгаа цэрэг дайчидтайгаа уулзахдаа нэг цэргийн аавыг нь авч очсоныг хараад цэргийн сэтгэлийг их ойлгодог хүн юм даа гэж дүгнэж байлаа.
Эх сурвалж: Онцгой сэтгүүл
Сэтгэгдэл ( 0 )