Баруун аймгийн байгаль хамгаалах газруудад LC300, LC76 автомашин өглөө

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс 12 ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, 5 аймгийн БОАЖГ, 2 сав газрын захиргаа-нд нийт 19 автомашин хүлээлгэн өглөө

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараасэхлүүлсэн бөгөөд энэхүү төслийг 2027 он хүртэл нийт 7 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой.

Төслийннийт санхүүжилт 32.25 сая Евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая Еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая Еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Энэхүү төсөл нь 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжиж буй бөгөөд Бүрэлдэхүүн 1 хэсэг:ТХГН-ийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах гэсэн цогц арга хэмжээний хүрээнд нийт 665,680 Еврогийн үнэ бүхий 19 Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар өндөр автомашиныг төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад мөн Хар нуур, Ховд голын сав газар, мөн Үенч, Бодонч, Булган голын сав газрын хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өглөө. 

Энэхүү автомашиныг манай алс хол аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, ТХНГХЗ-д, Сав газрын хамгаалалтын захиргаад албан хэрэгцээндээ ашиглах бөгөөд ингэснээр Монгол орны цэнгэг усны нөөц болон байгаль орчныг хамгаалах, ой, хээрийн түймэртэй тэмцэх, судалгаа шинжилгээ хийх, нутгийн иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах ухамсар, оролцоог нэмэгдүүлэх мөн талууд хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг нөр их ажилд нь ахиц гарах юм.

Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хатагтай Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгчид, БОАЖЯ болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top