“Алтан намар” ногоон үзэсгэлэнгийн үнэ ханш дэлгүүрийнхээс 2000-3000 ТӨГРӨГӨӨР ХЯМД байна

2022 оны 08 сарын 20

Намрын улирал ирж тариаланч, ногоочид ургацаа хурааж үр шимийг нь хүртэх цаг болжээ. Саяхан л төмс 5000 төгрөг гараад талийж өгсөн бол 1500 төгрөг дээр унаж байрандаа очсон гэхэд болно. Нийслэл хотын долоон дүүрэгт “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдаа нээгдэж хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүрч эхэлсэн нь сайшаалтай.

Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар 17 байршилд 186 цэгт хүнсний ногоо худалдаанд гараад байна. Хүнсний ногоо, нарийн ногоо үнэд орж  байсан үе ард хоцорч амтат ногоон дунд “туйлах” аятай өдрүүд ийнхүү ирснийг сурвалжлан хүргэлээ.

ТАРИАЛАНЧИД ЗОРИУЛАЛТЫН ХӨРГҮҮРТЭЙ БОЛ ХҮНСНИЙ НОГОО, НАРИЙН НОГООНЫ ҮНИЙГ ТОГТМОЛ БАРИХ БОЛОМЖТОЙ ГЭВ

 

Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлах ногоон үзэсгэлэн худалдааг зорилоо. Шинэхэн ургацын төмс ногоо, өнгө алагласан нарийн ногоо төрөл бүрээрээ өрөөтэй харагдана.

Төмс нэг килограмм нь 1500, сонгино 3000, лууван 2500, шар манжин 2500, байцаа 1500, ногоон сонгино 2000, өргөст хэмх 4000, улаан лооль 6000, чинжүү 6000, яншуй боодлоороо 2500, сармис 15 мянга, буйцаа 5000, брокли 5000, хаш 10 мянга, тарвас 2500 төгрөгийн үнэ ханштай байлаа.

Ногооныхоо үнэ бүрийг найрсагаар танилцуулж буй худалдаа эрхлэгч Ч.Байгалмаа “Бидэнд зоорь байхгүй учир нарийн ногоог шууд худалдаанд гаргахгүй бол их хэцүү байдаг. Оройн сэрүүнд заавал хурааж далд хийдэг. Тиймээс ажилчид оройн цагаар ажиллах шаардлагатай болдог л доо. Эрт хураавал наранд муудахаас гадна тээвэрлэлтийн үеэр муудах эрсдэлтэй. Усалсны дараа ногоог  хураавал хатуурч хадгалалт удаан даадаг. Хэрэв хөргүүртэй бол өдөр хураагаад өглөө нь гаргаад байвал ажил маань их хөнгөрөх юмсан” хэмээн асуудлаа тоочиж байлаа.

Худалдаачид төмсийг таван килограммаас дээш  авбал 1200 төгрөгөөр, шуудайгаар нь авбал 1000 төгрөгөөр зардаг байна. Шуудайндаа 40-өөс дээш килограммтай байдаг аж. Хүнсний ногоогоо базааж буй худалдан авагч өндөр настангаас сэтгэгдлийг нь авлаа.

Тэрбээр “Хүнсний ногоогоо тариаланчдын гар дээрээс авах харьцангуй хямдхан, чанартай байдаг шүү. Манай хажуугийн Номин дэлгүүрт төмс 2000 төгрөг байхад энд 1500 төгрөг байна. Харин брокли 3000 төгрөгийн зөрүүтэй зарагдаж байна. Дэлгүүрүүд ногоогоо ууталчихсан байдаг учраас байгаагаар нь авна. Зарим ногоо нь уутан дотроо муудчихсан байдаг. Харин эндээс хүссэнээрээ шилж сонгоод авч байгаадаа баяртай байна” гэж хариуллаа.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний урд байрлах асарт хүнсний ногоо зараад эхэлсэн байлаа. Том жижиг тор барьсан эмээ нар хүнсний ногооны чанар шалган зогсоно. Монгол орны эрүүл хөрсөнд тариалсан шинэхэн ногооны танил үнэр "амтагдаж" хамгийн дуртай ногоотой хуургаа сүнгэнүүлмээр чиг санагдав.

Тус дүүргийн цэг дээрх ногооны үнэ ханшийн хувьд төмс нэг килограмм нь 1500, сонгино 2500, лууван 3500, шар манжин 2500, байцаа 1500, ногоон сонгино 1800, өргөст хэмх 3500, улаан лооль 8500, чинжүү 6000, яншуй боодлоороо 2000, сармис 25 мянга, буйцаа 7000, брокли 4500, ягаан сонгино 3500, тарвас 2500 төгрөг байлаа.

Ногоочин  А.М “Зарж байгаа хүнсний ногоогоо өдөр өдөртөө тааруулан бага багаар авч ирэхгүй бол халуунд муудах, зөөлрөх гэх мэт асуудлууд гардаг. Зоорь байхгүй болохоор зарим хүнсний ногоонуудаа хурааж аваагүй байна. Нарийн ногоо хамгийн хурдан мууддаг. Зарим үед хүнсний ногоо маань эрт дуусдаг. Хэрэв хөргүүртэй бол хангалтай гаргаж ирээд зарах боломжтой. Нэг тонн ногоог хүний зооринд хадгалуулбал сарын 20 мянган төгрөг төлдөг. Зарим өдөр зарагдаж дуусаагүй нарийн ногоогоо өөрсдөө идэх тохиолдол байдаг. Өөрийн гэсэн зоорьтой бол хавар ногоо үнэд орох цагаар зарвал ашигтай байх. Хилээр орж ирдэг ногоонуудын үнэ ч их нэмэгдэхгүй. Бид аравдугаөр сарын 15-ны өдөр хүртэл асар татаж зогсох зөвшөөрөлтэй. Түүнээс хойш зарагдаагүй ногоогоо ченжүүдэд харьцангуй хямдхан өгдөг. Зогсоод удаагүй байгаа болохоор өдөртөө 200-300 мянган төгрөгийн орлоготой байна” гэж ярьж байлаа.

АСРЫН ТҮРЭЭС НЬ ӨДРИЙН 50 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Улаан лооль худалдан авч буй нэгэн бүсгүйтэй хөөрөлдлөө. Тэрбээр “Хавар нарийн ногоо үнэд орох үеэр ногоо аваагүй. Хил дээр удаад муудчихсан ногоог авах хэрэг гардаг. Уг нь бол төрөл бүрийн нарийн ногоо орсон сайхан амттай хоол байнга хийж байвал бидний болоод үр хүүхдийн дархлааг дэмжээд сайхан л байх. Даанч санасаны зоргоор авч болохгүй намартаа нэг “цаддаг” нь жаахан тийм л санагддаг. Төр засгаас ногоочдыг болон иргэдээ бодоод тогтмол ийм өдрүүдийг зохион явуулдаг бол сайн байна. Хуучин цаг үед Жаргалантын сангийн аж ахуйд хүнсний ногоог тэг градуст хадгалдаг байсан. Одоо тэр үеийнх шиг ногоогоо хавар нь зармаар байна. Тэгвэл гаднаас орж ирэх ногооны үнэ өсөхгүй. Ядаж дотоодын тариаланчдыгаа дэмжсэн хэрэг болно. Уг нь бол жирэмсэн бид аль чанартай, шимтэйг нь шилж авах учиртай шүү дээ” гээд шүүслэг улаан лоолио хазангаа өгүүлж байлаа.

Иргэдийн хэлж байсанчлан тариаланчдын гар дээр зарагдаж байгаа нарийн ногооны үнэ зах болон дэлгүүрүүдэд 2000-3000 төгрөгөөр илүү үнэтэй худалдаалагдаж байв. Нийслэлчүүдийн хамгийн их зорьдог Чингэлтэй дүүрэгт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн гадаа шовгор цагаан асрууд эгнэн босжээ. Тэндэхийн асруудыг өдөрт 50 мянган төгрөгөөр түрээсэлдэг хэмээн худалдаг ч бүсгүй завгүй ажлын хажуугаар ганц үг унагав. Чухамдаа тариаланчдыг дэмжих асруудыг үнэгүй хэрэглүүлж байгаа гэж байсан нь ачир дээрээ зөрөөд байх шиг.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа энэ үед ХХААХҮЯ болон Сангийн яамны сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон тухай яригдаад эхэлсэн. Энэ нь амьдрал дээр хэр биеллээ олж байгаа тухай ногоочдоос тодруулахад тодорхой мэдээлэлгүй “мэдэхгүй” гэдэг товчхон хариултыг өгч байв.

Содон Бөмбөгөр худалдааны төвийн гадаа зарагдаж буй хүнсний ногооны үнэ ханшийг сонирхуулахад төмс 1500, сонгино 3000, лууван 1500, байцаа 2000, манжин 3000, ногоон сонгино 2000, өргөст хэмх 4000, улаан лооль 10 мянга,  чинжүү 8000, яншуй боодлоороо 2500, сармис багцаараа 10-20 мянга, тарвас 3000 төгрөг гэж байна. Дүүрэг бүрийн үнэ ханш хоорондоо бага зэргийн зөрүүтэй байгааг та бүхэн анзаарсан байх. Өргөтгөсөн худалдааны үнэ ханшийг тогтоосон журам, дүрэм гаргаж ягштал мөрдвөл энэ ажлын үр дүн гарах юм. Мөн иргэдийн зүгээс өмнөх шигээ үнэтэй зарагдаж байвал гомдол мэдүүлэх ч эрхтэй биз ээ. Юутай ч “Алтан намар”-ын өдрүүд эхлээд удаагүй байгаа тул хүн хөдөлгөөн тийм ч их биш байлаа.

А.СҮЛЕНА, Н.ЭРХБАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(66.181.161.103) 2022 оны 08 сарын 20

Хятад НОГОО болих хэрэгтэй хятад ногоог шүү манайхан тарьж чадахгүй Амтат чинжүү салатны навч юуцай бууцай цагаан гаа мөөг сармис ХЯТАДЫН МЭДЭЛД ОРЧИХСОН

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 20

Eres tes tsag agaartai Mongol ulsad.Turuus alban iosoor Bvh alban baiguulag aj ahyun negj ba tarialanj nogoochidiig 2 turliin zoortoi bologvol.Mongol ulsad mash tom ediin zasagiin shinjelel yavagdah uym.Butsariin hort havdar hvrtel alag boloh bolno.Vvniig turiig bulaasan komynunist pashist tonuulchid udamshasan pashistuud hiihgvil dee.Turiig udaa daraa bulaasan huvildagj AN ba MAN namiin lalaruudiig tonilogson tsagtal uls hugchinu ter boltol Hyatadiin baasaar bordoson sariin tsustai baas sheesnii nogoog vhtelee ideseer baih bolno.Tarialanch malchid turuus 2 turliin zoori shaardah heregtei.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 20

Eres tes tsag agaartai Mongol ulsad.Turuus alban iosoor Bvh alban baiguulag aj ahyun negj ba tarialanj nogoochidiig 2 turliin zoortoi bologvol.Mongol ulsad mash tom ediin zasagiin shinjelel yavagdah uym.Butsariin hort havdar hvrtel alag boloh bolno.Vvniig turiig bulaasan komynunist pashist tonuulchid udamshasan pashistuud hiihgvil dee.Turiig udaa daraa bulaasan huvildagj AN ba MAN namiin lalaruudiig tonilogson tsagtal uls hugchinu ter boltol Hyatadiin baasaar bordoson sariin tsustai baas sheesnii nogoog vhtelee ideseer baih bolno.Tarialanch malchid turuus 2 turliin zoori shaardah heregtei.

0  |  0
zochin(122.201.22.210) 2022 оны 08 сарын 20

nomads tours hulagid aldsan tul olj ogooche.

0  |  0
zochin(122.201.22.210) 2022 оны 08 сарын 20

nomads tour compani hylagid aldaj dermedulsen tul olj ogoche.

0  |  0
замбай(192.82.71.79) 2022 оны 08 сарын 20

байршлыг нь олоод бичээчээ

1  |  0
Top