Эрчүүдэд ээлгүй орон

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 20

Манай орон эрчүүдэд ээлгүй орон. “Эр юм байж хаттай бай” гэдэг үгнээс эхэлж уурлаж болохгүй, үг хэлж болохгүй гэдэг хүлээсэнд баригдаж өсдөг нь худлаа биш. Сэтгэл доторхоо уудалж гаргахгүй буглаж бугшиж явсаар нэг л өдөр дэлбэрэхэд аймшигт яргачин, гэмт хэрэгтэн болж яллуулдаг нь ч цуурхал биш ээ. Тэднийг сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, тайтгаруулах тухайд анхнаасаа зааж сургаагүй хат нэрийн дор хатуу өсгөсөн учраас шүд зуун явсаар зарим нь эдгэшгүй өвчнөөр талийж одох нь ч гунигтай.

Эр хүн дуугүй, төлөв даруу, уул шиг дүнхийж байх нь сайхан ч эргээ халих мөрөн шиг асгарч халгиж байх нь бүр ч сайхан даа. Хүн л юм чинь гомдоно, тунина, баярлана, хөөрнө. Тэр бүрийд асгартал сайхан уудлаад уужирчих найз нөхөд, ахан дүүс хэд билээ. Аяга сархдад агсамнаж байгаад адлуулж чичүүлээд нам болдог нь олонтаа. Би бол дотогшоо юу чимээлж буй нь үл ойлгогдом учир битүүлэг эр хүнээс жийрхдэг. Тэдний дотор юу ч эргэлдэж байж мэднэ. Тиймэрхүү улс ханцуйндаа “хутга”-тай инээж ирээд хамгийн түрүүнд араас дүрж мэдэх зантай.

Харин сэтгэл хөдлөл нь илхэнээ, бэлхэнээ цагаахан цайлган эрчүүдийг хайрламаар санагддаг. Тэдний алдаа нь ч, оноо нь ч амархан танигдана даа, амархан. Иймэрхүү төрлийн эрчүүд ээжийн гараас эхнэрийн гарт шилжээд жаахан зүдрэх гээд байх шиг санагддаг. Болчимгүй үг, бодлогогүй үйлдлээрээ алхам тутамдаа дэнслүүлж, шүүлгүүлж явна гэдэг ямар сайн байх вэ. Гэхдээ тийм хүний харц гэнэн, гэгээн байдаг юм. Сайхан монгол залуус минь ажил амьдралын төлөө өдөр шөнөгүй зүтгээд хүний эрх нь иймэрхүү байдлаар зөрчигдсөөр, түүнийгээ ч мэдэж байгаа юмгүй гэнэ сэрэггүй инээж л явах.

Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудлыг хөндвөл томоохон сэдэв болох тул цухасхан дурдаад өнгөрье. Өвдлөө гэвэл бааштай гэдэг, хавдлаа гэвэл янгууч гэдэг болохоор тэд юман чинээ ч тоохгүй харайлгаж явсаар богинохон насыг туулдаг нь үнэн. Боловсролын талаар олон жил ч яригдсан даа. Хүмүүс эр хүн алзахгүй хөвгүүдээ хойш тавиад охидоо урдаа барьдаг. Тэгээд л хөөрхий эрчүүд хүссэн мэргэжлээрээ олигтой суралцаж чадалгүй хар бор ажил хийж амьдралаа авч явах нь олонтаа. Дээд боловсрол эзэмшээд ажлын байран дээр гарлаа гэхэд тэдний ажил хөдөлмөрийн замд алхам тутамд эрсдэл дагаж байна шүү дээ. Үе үе л шинэхэн цэрэг хал цэргүүддээ дэглүүлж эрэмдэг болох юм, өдөр  бүр л барилга дээрээс хоёр гурваараа нисэж, бэртэж, тогонд цохиулж хорвоог орхих юм, автын осол, ажлын байран дээрх гэмтэл гээд эрсдэл тоймгүй. Энэ харуусалтай мэдээг сонсох бүрийд хайран сайхан монгол эр хүн гэж халаглаад л өнгөрөх.

Амьдралын төлөө хээр хөдөө гандаж гундаж алаг үр, амраг ханиасаа хол яваа аавын хүү ч яасан олон юм бэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэлгүй алс хол амьдарч гэр орондоо таван төгрөг явуулахдаа л сэтгэл нь өег болдог аавын хүү, хүүгийн аав Монголоор дүүрэн. Ээ, үнэндээ эрчүүддээ ээлгүй оронд энгэрийн яргуй хүртэл жиндэж ургадаг юм гэнэ лээ, эхийн сэтгэл хүртэл эмтэрч туулдаг юм гэнэ лээ, энхрий зүрх хүртэл эзэнгүйдэж туйлддаг юм гэнэ лээ.

 

А.СҮГЛЭГМАА

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иишү(66.181.161.46) 2022 оны 08 сарын 21

Юуч ойлгосонгүй яаа гээд байгаам

0  |  1
эмээ, (202.21.108.249) 2022 оны 08 сарын 21

Эрчүүдэд ээлгүй эхнэрүүд олширч эрчүүдэд ээлгүй хадам ээжүүд охиддоо багшилсан эгч дүүс нийлж эрчүүдийн эрхийг хасч татвавын байцаагч болцгоосон эх орон юм уудаа

5  |  0
Зочин(192.82.75.94) 2022 оны 08 сарын 23

Миний нз гэж банкинд ажилладаг хогийн новш байдаг юм. Эхнэртээ базуулчихсан. Ёстой жинхэнэ хамцуйндаа хутга байтугайг шаасан хөгийн эрээ ч хатдаа байдаг даа. Чи бол хол явахгүй ээ

3  |  3
хаха(64.119.20.157) 2022 оны 08 сарын 21

Ээлгүй орон ч гэх шиг

2  |  3
Top