ESEL хөтөлбөр хосолсон хэлбэрээр зорилтот хүүхэд, залуучуудад хүрнэ

2022 оны 08 сарын 25

“Орон Нутгийн Өсвөр Үеийн Хүүхэд Залуучуудад Хувь Хүний Ур Чадвар, Энтрепренершипийн Боловсрол Олгох” төслийн зорилтот 10 сумын сургууль, насан туршийн боловсролын төвүүдийн багш, захирлууд Улаанбаатар хотод семинарт оролцож байна. Төслийн хүрээнд хөдөө орон нутгийн 14-25 насны хүүхэд, залуусын бүтээлч, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт (ESEL) явагдаж байгаа билээ. Энэ намраас бид ESEL сургалтаа хосолсон буюу танхим болон зайнаас зохион байгуулна. Энэхүү хоёр өдрийн сургалтаар ESEL сургалтын багш/зөвлөхүүд маань хосолмол сургалтын аргазүй, зохион байгуулалтын талаарх мэдлэг ойлголтоо бататгах ба хосолмол сургалтын техник тоног төхөөрөмжийг ашиглах зөвлөмж, заавартай танилцах юм.

“Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа: “Бид ESEL хөтөлбөрөө хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. Эхний ээлжинд манай төсөл хэрэгжиж байгаа 5 аймгийн 10 суманд бид хосолсон сургалтаа туршина. Танхимаар зааж туршлага хуримтлуулсан ESEL хөтөлбөрөө хосолсон сургалтын хүрээнд хэрхэн зохион байгуулах талаар багш/зөвлөхүүддээ аргазүйн дэмжлэг үзүүлэх, дадлага олгоход энэ семинар маань чиглэх болно" гэлээ.

Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г.Одбаатар: “Боловсролын хуулийн нэмэлт өөрчлөлт, насан туршийн суралцахуйн үйл ажиллагааны чиглэлээр үзэл баримтлалын төслийн боловсруулалтын цаг үе энэ сургалттай давхцаж байна. Энэхүү хосолсон сургалтын аргазүй нь манай ерөнхий боловсролын болон насан туршийн боловсролын төвийн багш нарын хөгжил, заах аргазүйд өндөр ач холбогдолтой гэж үнэлж дүгнэж байна. Цаашид сум, орон нутгийн хүүхэд, залуустаа түгээх мэдлэг, ур чадвар улам төгөлдөржинө гэдэгт итгэлтэй байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top