“Хүүхдийн төмөр зам”-аар томчууд ч аялдаг болжээ

Админ | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Өнгөрсөн жил “Улаанбаатар төмөр зам“-ын хамт олон Дархан хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн төмөр зам”-ыг байгуулсан нь хүүхэд багачуудыг баярлуулсан үйл явдал болсон. Хүүхдийн төмөр замаар хүүхэд багачууд төдийгүй томчууд ч үйлчлүүлж болдог. Тус төмөр замаар аялах гэж хол ойроос олон хүмүүс ирдэг болжээ. Энэ зун аялагчид Дархан хотоор дайран өнгөрөхдөө “Хүүхдийн төмөр зам”-ыг зорин ирж үйлчлүүлэх нь олширсон байна.

Мөн Улаанбаатар хотоос амралтын өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүдээ “Хүүхдийн төмөр зам”-аар аялуулах гэж өглөөний хурдан галт тэргээр очиж үйлчлүүлээд оройны галт тэргээр буцдаг болжээ. Түүнчлэн байгууллага хамт олноороо ирж үйлчлүүлэх нь ч нэг бус удаа гэнэ. Хүүхэд багачуудаас дутахааргүй хөөр баяртайгаар тасалбараа барин галт тэрэг рүү гүйцгээн орж суух томчууд үнэхээр л хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд яаран суухаар тэмүүлж байгаа мэт харагдана.

Хүүхдийн төмөр зам Даваа, Мягмар гаригаас бусад өдөр зорчигчиддоо үйлчилдэг бөгөөд энэ жил 20 мянга орчим хүнд үйлчлээд байна.

Хүүхдийн төмөр зам нь галт тэрэгний аялал зохион байгуулахаас гадна Дархан-Уул аймгийн 18 дугаар дунд сургуулийн төмөр замын лицей ангийн сурагчдын сургалтын бааз болдгоороо онцлог. Өнгөрсөн хичээлийн жилд лицей ангийн сурагчид төмөр замын ерөнхий мэдлэг олгох 80 цагийн сургалтыг тус төвд авчээ. Хичээлийг Дархан зангилааны төмөр замчид мэргэжлийн чиглэлийн дагуу зааж, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгоход тусалдаг. Хүүхдийн төмөр замын зүтгүүр, вагон, зам, сумын засвар үйлчилгээг “Улаанбаатар төмөр зам” хариуцаж, зорчигч тээврийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.190.129) 2022 оны 08 сарын 26

Сайн байна

1  |  0
Top