УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы санаачилгаар Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт, арга зүйн төв”-ийг байгуулан, өнөөдөр /2022.08.30/-өөс үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Дэлхий нийтэд байгаль экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай хүчин зүйлээс шалтгаалсан гамшигт үзэгдэл, ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг, ойлголт өгөх, ур чадварт суралцах нөхцлийг бүрдүүлсэн тус танхим нь Монгол Улсын хэмжээнд анхны жишиг загвар төв болж байна.
Мөн сургалтын төвөөр дамжуулан цаашид жишиг болохуйц сургалтуудыг зохион байгуулснаар болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, сэргээн босгох чадвартай иргэдийг бэлтгэх чухал ач холбогдолтой юм.
Тус төвийн нээлтийн ажиллагаанд Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, доктор П.Оюунчимэг, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар оролцож, сургуулийн хамт олонд Монгол Улсын Шадар сайдын илгээлтийг танилцууллаа.
Баянцагаан сумын сургуулийн сурагчид, оролцооны клубуудээс гадна Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан зэрэг сумын сургуулиуд эхний ээлжинд сургалтад хамрагдах юм.
Энэ үеэр дээрх сумдын сургуулиуд Онцгой байдлын газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )