Цэцэрлэгийн хүүхдүүд шинжилгээгээ 2-3 цаг хүлээж өгч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг хоног үлдлээ. Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд азтай, азгүйгээ дуудуулахгүйгээр бүрэн хамрагдах боломж бүрдсэн билээ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 150.735 хүүхэд байдгаас нэгдүгээр шатны бүртгэлд 111.542 хүүхэд хамрагджээ. Эдгээр цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, шинжилгээний бичгээ хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой байдаг. Тэгвэл цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний явцын талаар энэхүү сурвалжилгаараа хүргэж байна.


 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ШИНЖИЛГЭЭГ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА

 

Чингэлтэй дүүргийн тухайд хэд хэдэн цэцэрлэг дээр өдөр, цаг товлон, өмнө нь явж байсан бүртгэлтэй хүүхдүүддээ шээс, цагаан хорхойн шинжилгээ авсан байна. Харин хоцорсон болон шинээр цэцэрлэгт орж буй хүүхдүүд энэ сарын 29-31-нд Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн хойно байрладаг Гэмтэл, мэс заслын  амбулаторийн баруун хаалганд 08.30-15.00 цагийн хооронд очиж шинжилгээ өгч байлаа.

Тус эмнэлэг дээр 11.00 цагийн үед очиход эмнэлгийн гадаа хүүхдээ тэвэрч, хөтөлсөн хүмүүсийн дарааллын төгсгөл хаана байгаа нь үл мэдэгдэх урт цуваа үүсжээ. Бие биетэйгээ наалдах шахам зогссон эцэг эх, хүүхдүүд ихэнх нь маск зүүгээгүй байв. Шинжилгээ авч буй өрөөний үүд хүртэл зөрөх зайгүй оочирлосон байх бөгөөд шинжилгээний төлбөр болох 10 мянган төгрөгийг бэлнээр бэлдсэн байх ёстой аж. Шинжилгээг гурван эмч авч байсан юм. Цагаан хорхойн шинжилгээг чих ухагч хөвөнтэй мод шиг зүйлээр хүүхдийн бөгсний нүхэнд хийж аваад, түүнийгээ хуруу шилэнд хийж овог, нэр, нас, хүйсийг бичиж байв. Нэг хүүхдийн цагаан хорхойн шинжилгээг авахад ойролцоогоор 30 секунд зарцуулж байсан юм.

 

 

Хүүхдээ шинжилгээнд хамруулахаар ирсэн М.Уранчимэг “Би өглөө 09.30 цагт ирсэн. Ирээд гурван цаг болж байна. Өчигдөр цэцэрлэг дээр нь өгөх гэсэн боловч бас л цэцэрлэгээ тойрсон их дараалал байсан тул өгч амжаагүй. Тэгээд өөр шинжилгээний газарт ч өгч болохгүй, энд л авна гэхээр бөөн дараалал үүсэж байна. Манай хүү бэлтгэл бүлэгт орно, дүү нь энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлсэн. Хоёр өөр цэцэрлэгт бүртгэгдсэн байсныг нь шилжүүлэхээр өргөдөл өгсөн байгаа. Ямар ч байсан шилжчих байх гээд шинээр цэцэрлэгт орох хүүхдээ шинжилгээнд цугт нь хамруулахаар ирсэн” гэлээ.

Тэнд байсан иргэд хүний бөөгнөрөл үүсгээд, халдварыг улам нэмэгдүүлэх шалтгаан болж байна гэцгээж байв. Шинжилгээний өрөө рүү ойртож байсан эцэг эх, хүүхдүүд 2-3 цаг зогсжээ. Үдийн цайны цаг болоход шинжилгээ авч байсан эмч нар ээлжгүйгээр цайндаа гарч, тэнд хүлээж залхсан хүүхдүүд ээж аав, эмээ өвөөгөө чаргууцалдаж, уйлж, орилцгоож байсан юм. Хувиараа өгсөн шинжилгээг хүчингүйд тооцох тул эцэг эхчүүд заавал цаг зав гарган дугаарлахаас өөр аргагүйд хүрчээ.

 

 

Д.НАРАНТУЯА: ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨГҮЙ ХҮҮХЭД АНГИ РУУ ОРОХ БОЛОМЖГҮЙ

 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг рүү очиход тэнд хүн бага байв. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Нарантуяа “Энэ жил 362 хүүхэд манай цэцэрлэгт бүртгүүлсэн. Одоогоор шинжилгээнд хамрагдсан 196 хүүхэд байна. Есдүгээр сарын 1-нд шинжилгээнийх нь бичгийг нь заавал авч байж оруулна. Шинжилгээгээ өгөөгүй хүүхдүүд анги руугаа орох боломжгүй, буцна. Шинжилгээгээ өгөөд хүрээд ирээрэй гээд явуулдаг. Шинжилгээг цэцэрлэг дээр 27-ны өдөр авсан. Бусад хүүхдүүд шинжилгээг зөвхөн хамтран ажиллах гэрээтэй газарт л өгнө” гэв.

Цэцэрлэгт хүмүүжихээр болсон хүүхдүүдийн заавал бүрдүүлэх материал дунд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ буюу цагаан хорхой, шээсний шинжилгээний хариу байх ёстой. Шинжилгээг тухайн цэцэрлэгийн заасан газарт өгнө. Хэрэв өөр лабораторид өгвөл хүчингүйд тооцох аж. Мэдээж ганц нэг хариуцлагагүй эцэг эхийн буруутай үйлдлээс хүүхдээ цагаан хорхойтуулахыг хүсэхгүй. Гэхдээ ингэлээ гээд дараалал үүсгэн нэг өдрийн ажлаа барахгүй байх зохион байгуулалтыг зарим цэцэрлэг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг “UBH” нэгдсэн лабораторитой хамтарч наймдугаар сарын 29-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэг энэ сарын 28-ны өдөр “Одонт манал” өрхийн эмнэлэг дээр 10.00-13.00 цагийн хооронд зохион байгуулжээ. Мөн Баянзүрх дүүргийн 255 дугаарт цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд өнөөдөр буюу 31-ний өдөр бага бүлэг 16.00-16.50 цагт, дунд бүлэг 16.50-17.20 цагт, ахлах бүлэг 17.20-18.00 цагт, бэлтгэл бүлэг 18.00-18.30 цагийн хооронд цэцэрлэг дээр хамруулах аж. Шинжилгээнд ирэхдээ 10 мянган төгрөг бэлнээр, шээсийг зориулалтын саванд хийж, нэр, насыг бичиж, улавч, маск зүүж хүүхдээ дагуулж ирэх шаардлага тавьсан байна.

 

 

ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХУУРАМЧ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ҮЙЛДДЭГ ГЭВ

 

Хувийн лабораторид шинжилгээ өгөлгүйгээр тамга даруулан авчирдаг, тамгатай цаас худалдан авдаг эцэг эх мэр сэр байдаг тул нэгдсэн байдлаар шинжилгээ хийдэг болсон байна.

Нийслэлийн боловсролын газраас энэ талаар тодруулахад, “Цэцэрлэгүүд өөрсдөө тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гаднаа урт дараалал үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлуулж хүүхдүүдийн шинжилгээ авах үүргийг цэцэрлэгүүдэд өгсөн. Хүүхдүүдийн шинжилгээг зохион байгуулах нэгдсэн журам гэж байхгүй. Дүүргүүд нэгдсэн эмнэлэгтэйгээ хамтран зохион байгуулж байна. Зарим дүүрэг цэцэрлэгүүдээр өдөр товлож байхад, зарим нь тогтмол авч байгаа. Хувийн лабораторид өгсөн шинжилгээг хүлээн зөвшөөрдөггүй нь эцэг эхчүүд хуурамч шинжилгээний бичиг үйлддэгтэй холбоотой. Хэрэв шинжилгээний хуурамч бичгээр орсон хүүхэд ангийнхаа бүх хүүхдэд шар, цагаан хорхой гэх мэт өвчнийг халдаах эрсдэл бий. Тэгэхээр үүний цаана нийт хүүхдийн эрүүл мэнд, хариуцлагын асуудал яригддаг учир нэгдсэн зохион байгуулалтаар шинжилгээ авч байгаа нь хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг юм” гэв.

0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Даатгалтай хэр нь улсын эмнэлэгт яагаад төлбөртэй шинжилгээ өгч буй талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс “Цэцэрлэгийн шинжилгээ бол урьдчилан сэргийлэх зорилготой учир төлбөр авдаг” гэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.87.200) 2022 оны 08 сарын 31

Geriih ni hajuud ichij avaad bhad ochijj uguugui emnelegiin emch narin ajliig udaagaad bh murtluu zaragchaa zalhuu ard tumrn shuu\n\n

0  |  0
(103.80.210.183) 2022 оны 08 сарын 31

бас бэлэн мөнгө өгнө. гадаа суугаад үз. гада нарлаг байна

0  |  0
Top