148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана

2022 оны 09 сарын 01

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хүн ам ихээр шилжин ирж, Хан-Уул дүүрэгт барилга орон сууц олноороо баригдаж байгаагаас шалтгаалан сургуулийн ачаалал өндөр байдаг. Түүнчлэн хүүхэд олон байхын хэрээр сургалтын чанар хөндөгддөг. Тиймээс хотын төв болоод захын сургуулийн сургалтын чанарыг нэг түвшинд байлгах, сурагчдын чадварыг хөгжүүлэх чиглэлд шинэ алхам хийж эхлээд байна. Нийслэлийн 148 дугаар сургуульд энэ жилээс эхлэн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заах шинэ зохицуулалтыг эхлүүлжээ. Тус сургуулийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд, салбарын сайд, Хотын дарга нар өнөөдөр /2022.09.01/ танилцлаа.

Тус сургуулийн математикийн багш Д.Хасбаяр “Хотын төвийн сургууль болон хөдөөгийн, захын гэр хорооллын сургуулийн сургалтын түвшин харилцан адилгүй байна. Боловсролыг адил тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр анхааралтай ажиллах шаардлага тулгараад байна. Энэ бүхэн ЭЕШ, зарим уралдаан тэмцээн, олимпиадын дүнгээс харагдаж байгаа. Миний бие захын хорооллын хүүхдүүдэд туслахын тулд энэ сургуульд багшлахаар ирсэн” гэсэн бол физикийн багш Б.Амаржаргал “Миний даасан ангид 11 дүгээр сургуулиас болон 148 дугаар сургуулиас сонгогдсон хүүхдүүд нэг бүлэг болон хичээллэж байгаа. Сонгон суралцах анги гэсэн үг. Одоогоор манай анги 17 сурагчтай хичээллэж байна. Багш нар бид болон сурагчид маань 11 дүгээр сургуулийн чадварлаг багш нараасаа суралцах болсондоо маш их баяртай байна. Боловсролын чанар сайтай сургуулийн багш нарыг захын дүүргүүдийн сургууль руу хуваарилах шийдвэрийг зөв гэж бодож байна. Манай сургууль энэ тал дээр анхдагч болж байгаад баяртай байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top