1000 ээж ажилтай, орлоготой болжээ

2022 оны 09 сарын 01

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.09.01/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуульд очиж, бодит байдалтай танилцлаа.

Цэцэрлэгийн зориулалтаар нэгдүгээр давхрын байруудыг түрээслэхийн дээр 85-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 17 барилгыг худалдан авч цэцэрлэг болгож буй ажээ. Мөн “Өргөө” цомцог гэр цэцэрлэгийг байгуулж, байгууллагын цэцэрлэгт 2600 хүүхдийг авахаар болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн элсэлтийг гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 115 мянган хүүхэд цэцэрлэгт орохоор болсон байна.

Энэ жилийн хувьд 34 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаж буй. Тэгвэл хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлага өсөж буй цэцэрлэгийн багшийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг туслах багшийн курст суулгажээ.

МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум энэ зун хоёр ээлжээр 1000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн. Сургалтад хамрагдсан багш нар 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан аж. Уг 45 хоногийн сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгч болж дэвшин суралцах боломжтойг БШУ-ны сайд хэлж байлаа.

Ийнхүү мянган ээж ажилтай, орлоготой болсон байна. Энэ бол “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй бодитой, үр дүнтэй ажлын нэг ажээ.

2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах зарчмаар нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 267 дугаар цэцэрлэг нь орон сууцны нэг давхрыг түрээслэн, нэмж гурван бүлэг ажиллуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.110) 2022 оны 09 сарын 02

Энэ хүн л ажлаа гайгүй хийж байх шиг байна. Бусад 75 гишүүд нь үүрэг хариуцлагатай ажлаа хиймээр байна шүү одоо хичээл сургууль орсон энэ заын түгжрэлийг хотын удирдлагууд яаралтай нэг шийдмээр л байгаамдаа

1  |  0
Top