Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан уран бичлэгийн сургалт эхэллээ

2022 оны 09 сарын 02

Соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд өчигдөр /2022.09.01/ буюу Эх хэлний өдрийг тохиолдуулан Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд “Уран бичлэг”-ийн сургалтыг эхлүүллээ.

Соёлын яамнаас зохион байгуулсан “Хос бичигтэн” хөтөлбөрийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сонирхлыг тандан судлахад, уран бичлэгийн төрлийг сонирхож, суралцах хүсэлтэй хүүхдүүд олон байсан тул 2022-2023 оны хичээлийн жилд 29-р сургуульд түшиглэн зургаан сарын турш уран бичлэгийн сургалтыг зохион байгуулахаар болсон юм.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр уран бичлэгийн эхний хичээл орж, нээлтэд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг оролцож, “2023 оны тавдугаар сард болох “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар сургалтад хамрагдсан хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гарна” гэлээ.

Ташрамд дурдахад, уран бичлэгийн багш нараас судалгаа авахад тусгай хэрэгцээт сурагчдад хичээл зааж байсан туршлагатай багш харьцангуй цөөн байгаагийн зэрэгцээ энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсэн тусгай хэрэгцээт иргэд хараахан байхгүй байгаа юм. Иймд, сургалтын дүнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хичээл заах багш нарын ур чадвар дээшилж, сурагчдаас цаашид энэ чиглэлээр суралцах, өөрсдийн авьяас билгээ хөгжүүлэх уран бичигтэн гарах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top