ДЭМБ-ын ын аргачлалаар сургагч багш бэлтгэнэ

2022 оны 09 сарын 08

“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал”-аар сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр 2022 оны есдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болох энэ сургалтыг нээж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Номингэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын халдварт бус өвчний мэргэжилтэн С.Болормаа, АИФО ТББ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Д.Тулгамаа нар үг хэллээ.

“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал” нь Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ) 3-ийн хүрээнд бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусадтай адил тэгш авах эрхийн хүрээнд хийгдсэн бөгөөд эрүүл мэндийн бодлого тодорхойлогч, эрүүл мэндийн байгууллагын менежерүүд болон ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгарч буй гол бэрхшээлүүдийг олж илрүүлэх, шийдвэрлэх тал дээр туслах хяналтын хуудас, зөвлөмжийг дотроо багтаажээ.

ДЭМБ-ын түншлэлийн хүрээнд Австралийн Носсал институтээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ цуврал сургалтын 7 бүлгийг 2022 оны гуравдугаар сард эцэслэн боловсруулж, ДЭМБ-д хүлээлгэж өгсөн бөгөөд сургагч багш бэлтгэх сургалтыг хийж буй анхдагч орнуудын нэг нь Монгол Улс болж байна. Энэ сургалтын багцыг дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахад ашиглагдаж буй хамгийн сайн арга барил дээр үндэслэн боловсруулжээ.

Тус сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМЯ-ны санаачлагаар ДЭМБ-ын санхүүжилтээр АИФО байгууллага, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Тус сургалтыг 2 үе шаттайгаар ДЭМБ-ын сэргээн засах, хөгжлийн бэрхшээлийг хариуцсан зөвлөхүүд, АШУҮИС-ын Бие бялдар судлалын тэнхмийн багш нар зааж байгаа бөгөөд 8 аймаг (Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтий), 4 дүүрэг (Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх), Улсын 2 дугаар төв эмнэлэг, “Өргөө” амаржих газраас сонгогдсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, “Тэгш Нийгэм холбоо”, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн идэвхтэн зохицуулагч нийт 35 оролцогч эхний шатны сургалтанд хамрагдаж байна.

Хоёрдугаар шатны сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутагт зохион байгуулах болно. Сургалтаас хүлээгдэж буй үр дүн нь эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд тусламж, үйлчилгээ, хөтөлбөрийг бүх нийтэд хүртээмжтэй болгох тал дээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Дашрамд дурдахад АИФО байгууллага нь 1991 оноос ЭМЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах – Тэгш Дүүрэн” хөтөлбөрийг 2015 он хүртэл үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байсан бөгөөд энэхүү сургагч багш бэлтгэх сургалтыг 6 аймаг (Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар), 2 дүүрэг (Хан-Уул, Багануур), Улсын 3-р төв эмнэлэг, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийг өмнөх ээлжээр хамруулан сургасан юм. Сургалтын үр дүнг энэ оны эцэст мониторинг үнэлгээ хийж, сайн жишээг танилцуулах юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top