Эрүүл мэндийн сайд С.Энхболд II эмнэлэгт ажиллав

2022 оны 09 сарын 09

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.09.09/ Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт ажиллаа.

Энэ үеэр 2021-2022 онуудад тус эмнэлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ,  шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлсэн байдалтай танилцав.

УХТЭ-ийн ангиографийн тасагт 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий SIEMENS брэндийн ангиографийн аппаратыг суурилуулсан. Ингэснээр тархи, захын мэдрэлийн судасны оношилгоо, судасны мэс засал зэрэг эмчилгээнд ахиц дэвшил гараад байна. Ангиографийн аппаратыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд, Хэнтий, Өвөрхангай зэрэг 6 аймагт суурилуулсан бөгөөд УХТЭ болон УНТЭ-ийн эмч нар орон нутагт ажиллаж эмч нарыг сургах, чадавхжуулах ажлыг сайдын тушаалын дагуу хийж байна. Ийнхүү орон нутгийн эмнэлгүүдэд ангиографийн аппарат ашиглалтад орж эмчилгээ, хагалгааг хийж эхэлсэн нь Эрүүл мэндийн яамнаас барьж буй төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийсэн ажил юм.


УХТЭ-ийн харвалтын тасаг, өвдөлт намдаах тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Эдгээр тасаг нь ЭМЯ-аас барьж буй төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдсэн ажил юм. УГТЭ-т төвлөрдөг байсан харвалтын дараах эмчилгээг бусад эмнэлгүүдэд хийдэг болж буйн нэг жишээ энэ юм. Мөн өвчин намдаах тасагт бүх төрлийн хагалгааны дараах өвдөлт, бусад өвчний өвдөлтийг намдаах эмчилгээг хийх юм байна.

Тус эмнэлэг нь 2019 онд анх удаа Эрүүл мэндийг дэмжих төвийг ашиглалтад оруулж байсан билээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8 болон 17 дугаар хорооны иргэд тус төвд эрт илрүүлэх үзлэг, оншилгоонд хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус төвд 1200 иргэн уррьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ. Тус төвийн хувьд өдөрт 40 орчим иргэнийг бүтэн үзлэгт хамруулж буй. Тухайлбал 40-45 иргэн дурангийн шинжилгээнд нэг өдөрт хамрагдаж байна. 40-өөс дээш насны иргэдийн дунд улаан хоолой, ходоодны өвчлөл өндөр байгааг эмч нар хэллээ.

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 300,000 иргэн өнөөдрийн байдлаар хамрагдаад байна. Эдгээр иргэдийг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг бүрийн дэргэд тус бүр нь 1,5-1,8 тэрбум төгрөгөөр байгуулсан дэмжих төвөөр хийж буй. Үүнээс гадна 118 цэг, бүрэн тоноглогдсон авто машин, автобус, явуулын галт тэргээр иргэдийг үзлэгт хамруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top