Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлж байна

2022 оны 09 сарын 14

Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ хичээлийн жилээс ЕБС-ийн 1-р ангид элсэн суралцсан бүх суралцагчийг хамруулан 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс үндэсний хэмжээнд Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг зохион байгуулж эхлээд байна.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээнд 21 аймаг, 9 дүүргийн төрийн өмчийн 656 ерөнхий боловсролын сургуулийн 70 мянга орчим 1 дүгээр ангийн суралцагч хамрагдах төлөвтэй байна.

Энэхүү үнэлгээг цахим суурьтайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 1-р ангийн бүлгийн багш, хөгжим, биеийн тамирийн багш нар sub.eec.mn сайтаар нэвтэрч дараах суралцахуйн чиглэлээр боловсруулсан даалгаврыг аргачлалын дагуу бүх суралцагчаар гүйцэтгүүлэх юм.

  • Хэл яриа;
  • Математикийн энгийн төсөөлөл;
  • Хөдөлгөөн, эрүүл мэнд;
  • Байгаль, нийгмийн орчин;
  • Нийгэмшихүй;
  • Хөгжим;
  • Дүрслэх урлаг;

Мөн 1 дүгээр ангийн суралцагчдын сургуульд бэлтгэгдсэн байдалд нөлөөлөх хүчин зүйлийн асуулга судалгааг цахим хэлбэрээр авах бөгөөд асуулга судалгаанд нийт суралцагчдын 10 хувийг түүврээр сонгож, тэдгээр суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, 1 дүгээр ангийн багш, бага боловсролын сургалтын менежер, цэцэрлэгээр хүмүүжсэн бол бэлтгэл бүлгийн багш, арга зүйч, эрхлэгчийг хамруулах юм.

Боловсролын Үнэлгээний төвөөс үнэлгээ зохион байгуулахад шаардлагатай хэрэглэгдэхүүн, үзүүлэн, ажлын хуудас, гарын авлага зэрэг материалыг ерөнхий боловсролын сургууль, бүлгийн болон суралцагчийн тоогоор хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top