Шилдэг хугацаат цэргийн алба хаагч 2022 тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Хил хамгаалах ерөнхий газрын хашаа үүднээсээ хөл хөдөлгөөнтэй байв. Дүрэмт хувцастай хүмүүстэй зэрэгцэн цэргийн алба хаагчдын гэр бүлийнхэн олноор цугласан байлаа. Учир нь тус байгууллагад Шилдэг хугацаат цэргийн алба хаагч 2022 тэмцээнийг зохион байгуулж буй нь олон хүнийг цуглахад хүргэжээ.

Тус тэмцээн нь 18-25 насны 21 аймаг, есөн дүүргийн хилийн ангид татагдсан цэргүүдийн төлөөлөл болсон шилдгүүдийн хоорондох өрсөлдөөн ажээ. Энэ удаагийн сурвалжилгаа Хил хамгаалах ерөнхий газрын Шилдэг хугацаат цэргийн алба хаагч 2022 тэмцээнээс бэлтгэлээ.


 

Ц.ЦЭРЭНДОЛГОР: ХҮҮ МААНЬ ГУРИЛ ЗУУРЧ ЦУЙВАН ХИЙХИЙГ ХАРААД БАЯРЛАСАН

 

Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилнэ. Эсээ бичлэгээр өрсөлдөөн эхэлж, улмаар хоол, оёдлын өрсөлдөөнөөр үргэлжилж, урлагийн тэмцээнээр өндөрлөв. Манай сурвалжлах баг очих үед хоолны тэмцээн дуусах шат руугаа орсон байлаа. Цэргүүд цуйван хийх бөгөөд гурил зуурахаас эхлүүлэн, тавгалах хүртэл 40 минутын хугацаанд хоорондоо өрсөлдсөн юм. Ингэхдээ мэргэжлийн тогооч нараар шүүлгэсэн байна. Цэргүүдийн хувьд хоолоо гэр бүлийнхэндээ зориулж хийсэн юм. Зарим цэргүүдийн хувьд цэрэгт татагдсаныхаа дараа хоол хийж сурсан байна. Гэр бүлийн төлөөллүүд хоолны амталгаа хийх үеэр тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

Иргэн П.Батцэцэг “Найз залууг маань Э.Бат-Од гэдэг. Дэд түрүүч цолтой. Найз залуу маань хоол сайн хийдэг учраас хоолны тэмцээнд сайн оноо авсан гэж бодож байна. Цуйван нь амттай байлаа. Хоол сайн хийдэг ч тэмцээн учраас их сандарлаа хэмээн хэлсэн. Миний хувьд үзэгчийн суудлаас  дэмжлээ. Цэргийн ангид удсан болохоор захны даавуу оёх тэмцээнд ч шаламгай байх болов уу. Найз залуутайгаа зургаадугаар сарын 15-нд Тангаргийн баяраар уулзсанаас хойш өнөөдөр /өчигдөр/ л уулзлаа” гэв.

Хилийн 0198 дугаар ангиас оролцож буй Г.Баярмагнай ОХУ-д суралцаж, төгсөөд эх орондоо ирэнгүүтээ цэргийн албанд морджээ. Түүний ээж Ц.Цэрэндолгор “Тэмцээнийг ажаад байхад залуучууд маань их зүйл суржээ. Миний хүү гурил зуурч сурсан байна. Түүгээрээ цуйван хийж өгсөн. Хоол хийж чаддаг боловч өмнө нь гурил зуурч байгаагүй хүн цуйван хийхэд их баярласан. Гурил зуурахыг отряддаа сурсан юм билээ. Ирэх сард цэргээс халагдана. Цэргийн алба өмнөх үе шиг байхаа больжээ. Халх голын ангид нь очихдоо нэг хоногийн чөлөөтэйгөөр хүүтэйгээ уулзсан.

Орчин үеийн цэргийн алба хангамж сайтай, гэр бүлийнх нь эргэлтээр очих үед хүндэтгэлтэй хандаж байсан учраас хүүгээ цэрэгт явуулснаас хойш санаа зовоогүй. Хувь хүн биеэ хэрхэн авч явж буйгаас бүхий л зүйл хамаарна” хэмээн өөрийн байр суурийг хуваалцлаа.

 

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛИЙГ ЯРИЛЦСАНААР ЦЭРГИЙН АЛБА ХААХ ҮЙЛ ЯВЦ САЙЖИРНА

 

Шилдэг хугацаат цэргийн алба хаагч 2022 тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа ажээ. Хил хамгаалах байгууллагын удирдлага, хугацаат цэргийн алба хаагчдын дуу хоолойг сонсох, алба хаахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар цэргүүдийн төлөөлөлтэй ярилцах уулзалт хэлэцүүлгийг уржигдар хийжээ.

Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг “Нийгэмд хүний эрх, ёс зүйн асуудлыг хурцаар ярьж байна. Хил хамгаалах байгууллагын анхан шатны нэгж болох хугацаат цэргийн алба хаагчдын нөхцөл байдал, цаашид хугацаат цэргийн алба хаагчдад тулгарч буй бэрхшээл, залуучуудад ая тухтай байдлыг бий болгоход дутагдаж буй зүйлсийг өөрсдөөс нь сонсож, судлах зорилготойгоор уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Тэмцээн бол үүний нэг хэсэг. Улс орон даяар цэргийн алба хааж буй залуучуудаас шалгарсан шилдгүүд тэмцээнд оролцохоор цугларсан. Хил хамгаалах байгууллага офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд зориулж өмнө нь тэмцээн уралдаан зохион байгуулж байсан. Харин хугацаат цэргийн алба хаагчдын дунд анх удаа зохион байгуулж байгаа нь энэхүү тэмцээний гол онцлог юм. Үүнд 2021 оны I, II ээлж, 2022 оны I ээлж ч бий. Шинэ, хуучин цэргүүд 50, 50 хувьтай оролцож байна. 21 аймаг, есөн дүүргээс татагдсан бүх цэргийн төлөөлөл өрсөлдөж байгаа. Оролцогчдын дийлэнх хувийг 18-20 насныхан бүрдүүлж байна. Хугацаат цэргийн алба хаах үйл явцыг сайжруулах, цэргүүдийн хүсэл сонирхол хэрэгцээ шаардлагыг нь сонсож, үйл ажиллагаандаа тусгах зорилготой ажиллаж байна. Нийгэмд таагүй мэдээллүүд олон гарсан. Үүнийг үгүйсгэхгүй. Иргэдийн дунд цэргийн алба ямар байдаг, цэргийн алба хааснаар хэрхэн хүмүүжиж, амьдрах ухаанд суралцдагийг зөвөөр ойлгуулах нь чухал. Тун удахгүй энэ оны II ээлжийн цэрэг татлага эхэлнэ. Цэрэг хүний хувьд ямар бахархалтай, хүндрэл бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн даван туулах, дарга нар нь хэрхэн сургадаг гэх мэтийг хугацаат цэргийн алба хаагчид өөрсдөө нэг жилийн хугацаанд сурсан тул түүнийгээ ар гэр, найзууддаа харуулж байгаа нь энэ тэмцээний чухал зүйлсийн нэг юм” гэлээ.

Хилийн харуулд гарч буй цэргийн алба хаагч өөрөө хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн авч яван хоолоо хийж идэх, хувцасны захны даавуугаа өөрөө солих, оёх, хатгах, манаанд явж байхдаа модонд урсан хувцсаа оёж, хатгаж, битүүлэх гэх мэт зүйлсийг зайлшгүй хийж сурсан байх шаардлагатай ажээ. Мөн Монгол Улсын хилийн шугамын дагуу олон төрлийн эмийн ургамал, хортон шавж гэх мэт төрөл бүрийн зүйлстэй таардаг байна. Эмийн ургамлыг ямар зорилгоор ашиглах, хортон шавжид хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэргийг мэддэг байх нь сурах ёстой мэдлэгүүдийн нэгээхэн хэсэг ажээ. Байгаль цаг уурын хүнд нөхцөлд мал хилд тулж очдог учраас тухайн малнуудыг эзэнд нь өгөхийн тулд им тамга, малын зүсийг мэддэг байх шаардлагатай аж. Мөн морио хэрхэн эмээллэж, хазаарлаж, уналгад ашиглах талаар сурдаг байна. Хугацаат цэргийн алба хаагчийн өөрийн биеэр хийдэг, цэрэг хүний хувьд олгогдсон зэвсэг, хэрэгслээ хэрхэн ашиглах, байгалийн болон зохиомол саадыг даван туулах сэтгэл зүйн болон бие бялдрыг бэлдэх гэх мэт дээрх олон эрдмийг нэг жилийн хугацаанд сурдаг учраас эдгээр чадваруудаар нь цэргүүдийг өрсөлдүүлж байгаа нь энэ ажээ. Тэмцээний шилдгийн шилдэг цэргийн албан хаагчийг тодруулах нь хугацаат цэргийн албыг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм.

 

 

ОЁДЛЫН АНХАН ШАТНЫ МЭДЭГДЭХҮҮНИЙГ СУРАХ НЬ ЦЭРГИЙН ЭРДЭМ ЮМ

 

Тэмцээнийг үзэхээр ирсэн гэр бүлийн төлөөллүүд болон албаны хүмүүстэй ярилцаж байх үед дараагийн шат болох захны даавуу хадах, урагдсан хэсгийг оёх тэмцээн эхлэв. Зарим цэргүүд цэргийн албанд татагдахаас өмнө зүү ч барьж үзээгүй бол заримынх нь хувьд энэ тийм ч хүндхэн даалгавар байгаагүй юм. Энэ талаар Хилийн 0168 дугаар ангийн ахлах байлдагч Э.Хэнмэдэх “Би 22 настай. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах хилийн 0168 дугаар ангид 2021 оны II ээлжээр цэргийн албанд татагдсан. Ирэх сард халагдана. Нийгэмд цэргийн албатай холбоотой буруу ташаа эсвэл гэмт хэргийн талаарх мэдээлэл нэлээдгүй түгсэн. Тиймээс анх хилийн ангид очих хүртлээ айдастай байлаа. Гэвч бодит байдалд өөр байв. Сонсож байсан зүйлсээс тэс ондоо орчин угтсан. Илүү тохитой, тухтай, чөлөөт цагаа өнгөрөөх төрөл бүрийн зүйлс ч бий. Тухайлбал, теннис, шатар, шагайн харваа гэх мэт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх олон боломж бий. Мөн авьяас ур чадвараа танин мэдэж, хөгжүүлэх бололцоо ч байдаг юм билээ. Цэрэгт татагдахаас өмнө хоол хийж, юм оёж байгаагүй. Цэрэгт ирсний дараа энэ мэт амьдралын туршлагуудыг сурсан. Анх захны даавууг оёх бэрхшээлтэй байсан ч одоо бол дадал болж, хамгийн амар зүйл мэт санагддаг. Урлагийн тэмцээнд нь дуу дууллаа. Өнөөдөр биеийн хүч сорьсон тэмцээнтэй. Үеийн залуучуудаа харахад бэлтгэл сайтай, бүгд л эн тэнцүү өрсөлдөж байна” гэв.

Тэгвэл Увс аймгаас тэмцээнийг зорин ирсэн О.Мөрөнгийн хувьд цэргийн албанд татагдахаас өмнө зүү утас ашиглаж чаддаг байсан нь давуу тал байжээ. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагч О.Мөрөн “Би тэмцээнд оролцохоор Увс аймгаас ирлээ. Цэрэгт 2022 оны I ээлжээр татагдсан. Тэмцээнд эн тэнцүүхэн өрсөлдөж байна. Цэрэгт татагдахаас өмнө юм оёж байсан ч хоол хийж байгаагүй. Харуулд гарах үедээ хоол хийж сурсан. Тухайн газарт он жав найз маань тогооч хийдэг байсан тул түүнээс хоол хийхийг сурсан юм. Урлагийн тэмцээнд нь дуу дуулж өрсөлдлөө. Өөрийгөө боломжийн дуулдаг гэж боддог. Тэмцээндээ бүхий л хүчээрээ бэлдсэн. Гол төлөв биеийн хүчний тэмцээнд бэлдсэн. Нийт 5-7 хоног бэлдлээ” гэлээ. Цэргүүдийн захны даавуу хадах, хувцасны урагдсан хэсгийг оёх тэмцээнийг Хилийн цэргийн 0288 дугаар ангийн Оёдлын үйлдвэрийн ерөнхий технологичоор ажилладаг Н.Мөнхзул шүүсэн юм. Тэрбээр “Хилийн цэргийн анги бүр хувцасны албатай. Байлдагчдыг ахлагч нар зүү барьж сураагүй байсан ч эхнээс нь сургаж, заадаг. Оёдлын технологийн тэмцээний шүүгчээр ажиллалаа. Захны даавуу хадах нь цэргүүдийн өглөө бүр хийдэг зүйл. Тиймээс оёдлын анхан шатны мэдэгдэхүүнд суралцах юм. Тактикийн ажил, бэлтгэл сургуулилтын үед хувцас урагдвал байлдагч өөрөө оёх ёстой. Үүнд суралцах нь цэргийн эрдэм юм. Захны даавуу нь эрүүл ахуйн шаардлага хангах, хувцасны элэгдлийг багасгахад нөлөөтэй” гэлээ.

Шилдэг хугацаат цэргийн алба хаагч 2022 тэмцээн өнөөдрөөр үргэлжлэх юм. Өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрын тусгай бэлтгэлийн цогцолборт цэрэг хүний хийх үйл ажиллагаагаар өрсөлдөх ажээ. Тухайлбал, цэргүүд тэсрэх бөмбөг шидэх, буудлага, гүйлт гэх мэт олон төрлийн бие болон сэтгэл зүйн хүч шаардсан тэмцээнүүдээр өрсөлдөх юм байна. Хилчдийн баярын өдөр удахгүй тохиох юм. Тус баярын өдрөөс өмнө хугацаат цэргийн алба хаагчдын шилдгүүдээ тодруулж, шагнал урамшууллыг нь олгох ажээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top