Боловсролын сэтгэл зүйчдийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

2022 оны 09 сарын 15

Боловсролын сэтгэл зүйчдийг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэгт талархал илэрхийллээ.

Ирэх онд ТИКА-тай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцож, ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд хамтарч ажиллахыг хүслээ.

2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 151 сэтгэл зүйч ажилласан. Эдгээр сэтгэл зүйчид нэг жилийн хугацаанд 141.861 сурагч, 20.459 багш ажилтан, 35.006 эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн.

2022-2023 оны хичээлийн жилд 150 ерөнхий боловсролын сургуулийг сэтгэл зүйчтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ дагуу сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, хоёр үе шаттайгаар зохион байгуулан нийт 103 сэтгэл зүйч тэнцээд байгаа юм.

Одоогийн байдлаар 189 сургуулиас сэтгэл зүйч ажиллуулах хүсэлтийг ирүүлсэн нь сэтгэл зүйчдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйг харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top