СЭДЭВ I Номын баяр айсуй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Намрын номын баяр өнөөдрөөс (2022.09.16) эхэлнэ. Гэтэл Номын баярыг хүртэл улс төржүүлсээр байгаа нь юутай гунигтай.

Өнгөрсөн жилийн долоодугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баяр болон Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Номын баярыг хуульчилсан юм.

Номын баяр хэдийн олон нийтийн хүсэн хүлээдэг баярын нэг болсон. Орон даяар гурван өдрийн турш Номын баярыг тэмдэглэхээр бэлдэж байна. Төв талбайд болдог Номын баяраар өнгөрсөн жил гэхэд л давхардсан тоогоор 150 мянган хүн ирсэн гэх судалгаа бий. Орон даяар тэмдэглэхээр болвол энэ тоо хэдээр өсөхийг тааж мэдэхгүй.

Гол зүйл бол найман настай балчраас 80 настай буурал хүртлээ номоор л амьсгалж, ном ярьж, дараа үеийнхнийгээ номтой ойр өсгөх боломжийг олгодог.

Энэ байтугай үнэ цэн Үндэсний номын баярт бий. Энэ жилийн Номын баярт элдэв даргын яриагүй, намуухан сайхан орчинд зохиолчоос нь номыг нь авч, хэнтэй ч хамаагүй ном л яримаар байна. Хэт чанга ая, дуунаас болж номын талаар ч тухтай ярьж чадахгүй, сунжирсан урт дарга нарын яриа хамгийн их асуудал болдог. Мэдрэмжгүйдээ ийм үйлдэл гаргадаг уу, мэдсээр байж санаатай хийдэг үү, таашгүй юм.

Үндэсний номын баярт оролцогсдын 75.4 хувийг 15-35 насныхан эзэлдэг. Тэгэхээр тэднийг чиглэсэн улс төрийн сурталчилгаа хийхгүйгээр оюун санаанд нь хөрөнгө оруулахаар ажиллах хэрэгтэй. Харин энэ баярыг улс төртэй л холихгүй байх нь чухал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top