С.Хүрэлбаатар: Хэвтэрт орсон эдийн засгаа эмчилье

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

“Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар хүмүүсийн биеийг эмчлэхээс гадна нийгэм маань маш хүнд өвчин тусчээ. Иймд нийгмээ эмчлэхийн тулд, мөн эмч, эмнэлгийн ажилтнууд бид үйл ажиллагаагаа жигд явуулахын тулд, амьдрахын төлөө гудамжинд гарч тэмцэхэд хүрэх нь хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Түүнтэй ярилцлаа.


-Төв талбайд очиж байр сууриа илэрхийлж, иргэдтэй чөлөөт ярилцлага хийж байгааг чинь харсан. Та ямар сэдвээр ярилцлага өрнүүлэх болов?

-Би эмч хүн. Манай эмч, эмнэлгийн ажилтнууд өвдсөн зовсон хүмүүсийг эмчилж ирсэн. Гэтэл нийгэм маань маш хүнд өвчилжээ. Эдийн засаг хэвтэрт орж, улс орны хөгжил, хүмүүсийн амьдрал гацаанд орж эхлээд байна. Эмч, эмнэлгийнхэн бид үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрлээ. Гурван хувийн хүүтэй зээл аваад ажилчдаа цалинжуулсан бидэн шиг хүн олон бий. Эргээд төлж чадахгүйд хүрч байна. Бараг гудамжинд гарахдаа тулж байна. Гараад хүмүүстэй уулзаж, ярилцахад мөн л ийм зовлонг өөдөөс ярьж байна. Ийм хүнд хэцүү үед Монголын төр зах зээл дээр мөнгө гаргах ёстой. Банкуудын гаргаж байгаа мөнгө нь бидэнд хүрэлцэхгүй байна шүү дээ. Бүр сүүлдээ зээлээ хаачихлаа. Гэтэл өнөөдөр дэлхий нийтэд гурван хувийн хүүтэй зээл явж байхад бид тэрнээс авах ёстой гэхчлэн хүмүүстэй санал бодлоо солилцож явна. Эрүүл мэнд чухал  хэдий ч түүнээс чухал тусгаар тогтнолын асуудлыг яриад явж байна даа.

-Дэлхий нийтэд байгаа гурван хувийн хүүтэй зээлийг бид ч гэсэн авах ёстой гэлээ. Тийм их мөнгөтэй газар хаана байна?

-Орос, Хятад, Англи, АНУ, Япон гээд олон улс орон бий. Мөнгөө юунд хийхээ мэдэхээ байсан баян орнууд өчнөөн байна. Үүнийг бид авмаар байна шүү дээ. Тиймээс гаднын банк оруулж ирэх хэрэгтэй. Тухайлбал, Оросын, Хятадын, цаашлаад Япон, Англи, Америкийн банкийг оруулаад ирж болно.

-Тэгж ярьдаг, байр сууриа илэрхийлдэг хүмүүс байдаг. Гэхдээ тэднийг оруулж ирж байгаагийн мөн чанар, тэдний орж ирж байгаа зорилго юу вэ гэдэг дээр очоод таг гацдаг шүү дээ?

-Харин ч гаднын тэдгээр банкуудыг оруулж ирснээр тэр мөнгө Монголд хэмжээ хязгааргүй эргэлдэх юм шүү дээ. Бид ямар нэг хязгаарт баригдалгүй зээл авна гэсэн үг. Түүгээрээ эдийн засгаа босгох бололцоотой.

-Зээлийн хүү бага байж чадна гэж үү?

-Чадна. Хамгийн гол нь тэрийг чадуулах ажлыг Засгийн газар хийх ёстой. Жишээ нь, ОХУ-д зээлийн жилийн хүү 2.5 хувь байдаг бол 3.5 хувь болгоод Монголд зээлдүүлж   болно. Ердөө л энэ. Ингэж байж бид тусгаар тогтнолоо авч үлдэнэ.

-Харин ч өрөнд газар нутгаа алдах юм биш биз гэж хардах, айж болгоомжлох хүмүүс бас байгаа шүү?

-Тэгвэл тусгаар тогтнолын мөн чанар юу вэ гэдэг асуултыг би өөрт чинь тавьж байна. Та миний асуултад  хариулчих уу?

-Уг нь зарчмын хувьд би асууж, та хариулж байгаа. Гэхдээ ярилцлага бол ярилцаж буй хоёр хүний хамтын бүтээл учраас би хариулъя. Өнөөгийн нөхцөлд тусгаар тогтнол  маань эдийн засаг  дээр тогтох болчихоод байна. Хариулт болж байна уу?

-Хариултыг авлаа. Үнэхээр одоогийн өнцгөөс харахад ийм байгаа. Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд “Өнөөдөр махны бизнес хятадуудын гарт орчихлоо”  гэж бид нийгмээрээ шуугиж байна. Саяхан Хятадын Гадаад хэргийн сайд айлчлаад буцсан. Хятадын махны үйлдвэрийг Монголд барих асуудал яригдлаа гэж ойлгосон. Хятадын махны үйлдвэрүүд, махны худалдаачид Монголоор нэг тарчихсан байж байгаа. Монголчууд харин яаж байна, мөнгө байхгүй хоосон сууцгааж байна. Жишээ нь би махны үйлдвэртэй, энэ чиглэлийн компанитай нэг танилтай. Тэр маань хөөрхий “Энүүхэн жаахан юмыг босгох гэтэл тавин хэдхэн сая төгрөг дутаад байна, зээл олдохгүй байна” гэж уйлах шахан ярьж байна лээ. Ийм байдалд орсон бизнесийнхэн олон байна шүү дээ, цаана чинь. Иймд энэ санааг  нэг нөхөр тархин дотроо хийчихээд гурван хувийн зээл юм уу, гадаадын банкийг зүгээр оруулчих ёстой байхгүй юу. Уг нь би өөрийн бодлыг яримааргүй байгаа юм. Чи асуугаад байгаа учраас ярихаас аргагүй болчихлоо.

-Яагаад?

-Жишээ нь, Хятадын банкны гурван хувийн хүүтэй  зээл ороод ирэхээр бид түүгээр үйлдвэрлэлээ байгуулж, Хятад­тай өөрсөдтэй нь өрсөлдөх асуудал яригдана. Тэгэхээр Хятад манайх руу банкаа оруулахгүй болчихно шүү дээ. Бид юм хийж чаддаг, өөрсдөө мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Гэсэн ч тэр салбартаа манайх мөнгө өгч чадахгүй  байна шүү дээ. Монголын банк ийм хэмжээний  зээл өгч чадахгүй. Тэгэхээр зүгээр суухаас өөр яалтай. Ийм байхад бид Монголын банкинд дарлуулж байсан дээр үү, Хятад, Оросын банкинд дарлуулж байсан дээр үү, бодоод үзье. 100 сая төгрөгийн зээл авахад Хятадын банкинд би жилд гурван сая төгрөг төлнө. Оросын банкинд 2.5-3 сая төгрөг төлнө. Монголын банкинд 24-30 саяыг төлнө. Эдийн засгийн дампуурал гэж бид ярьдаг. Гадны хяналтад орчихно гэж болгоомжилдог. Гэтэл ард түмэн өөрсдөө мөнгөтэй баян байх  юм бол  хэн ч яаж ч чадахгүй. Ард түмэн баян байх хэрэгтэй. Түүнээс биш, бид Монголын баячуудыг улам  пэндийлгэж, гахай шиг таргалуулах ёсгүй. Иргэн баян бол тэгэх ямар ч шаардлагагүй болно. Тиймээс энэ үүднээс ард түмний хөдөлгөөнийг зохион байгуулмаар байгаа юм.

-Хятадын зээлээс аль болох болгоомжил гэсэн байр суурь манай нийгэмд давамгайлдаг. Гэтэл та  зээл ав гэж бараг уриалж байх шиг...

-Үгүй шүү дээ. Хятад биднийг яаж шулж мөлжсөн юм бэ. Тийм зүйл байхгүй. Хятадаас орж ирж байгаа хүнсний ногоонуудыг гэхэд л хамгийн хямдыг нь, хамгийн  мууг нь, хаях гэж байгаа өтсөнийг нь манайхан өөрсдөө л оруулж ирдэг. Түүнийгээ хятадууд ингэчихлээ, тэгчихлээ гэж яриад  байдаг.

-“Эдийн засаг  дээр энэ цагийн  тусгаар тогтнол оршиж байна” гэдэг дээр та бид хоёрын санаа оноо  нийлж байна. Гэхдээ та нэг тайлбар хэлнэ байгаа?

-Хятадын махны үйлдвэр орж ирэх гэж байхад зөрүүлээд гурван хувийн хүүтэй зээл оруулаад ирвэл бид түүгээр махны үйлдвэр барина гэсэн үг. Энэ бол тусгаар тогтнол шүү. Өөр өчнөөн барилга, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл  явж байна. Олон аавын хүүхдэд тэрийг хийх сэдэл, санаа, санал санаачилга байна. Гол нь мөнгөгүй гээд сууцгааж байна.  Эрт цагаас монголчууд хэлдэг байсан даа, “Баян хүн гурван төрд нүүртэй” гэж. Одоо баян хүн 10 төрд нүүртэй байна. Муугаар бодоход,  хэрэв ОХУ болон Хятад улс Монголыг цэргийн хүчээр эзэллээ гэхэд иргэд нь мөнгөтэй баян бол тэд  юу ч хэлж, хийж чадахгүй. Баян хүний өөдөөс юу ч хэлж, хийж чаддаггүй юм байна лээ. Энэ түүхэнд бичээстэй бий. Хэрэв ядуу байх аваас харин эзлэгч, түрэмгийлэгчдийн хоолыг хийж, бөгсийг долооно. Мөнгөтэй хүн тэдэнтэй эн тэнцүү, ижил түвшинд  л харилцана. Ялгаа энэ. Мөнгөтэй байх, мөнгөгүй байхын ялгаа ийм.

-Тухайлбал?

-Би судалгаагүй яриагүй юм шүү. Та нар ч гэсэн уншиж судалдаг бол, түүхээ хардаг бол үүнийг мэдэж байгаа байх. “Монгол нутагт татвар үүсч хөгжсөн түүхэн замнал” 2018 номоос эш татая. Түүнд Гочоо Пайтан гэж хүний тухай өгүүлдэг. Тэр хүн тухайн үедээ Манж Чин гүрний амбаны  өргөөний үүдээр тэднийг эсэргүүцэж морь унаж давхисан байдаг. Гэтэл амбаны хүмүүс барьж аваад шоронд хийнэ, хууль биелүүлсэнгүй гэж. “Гочоо Пайтан юм үзэж, нүд тайлсан, оюун ухаан тэлсэн хүн байсан тул ард түмнийхээ зовлон зүдгүүрийг ойлгож, Манж нарыг эсэргүүцэн тэмцэж, дээш өргөх бичиг барьж заргалддаг, заргаа ч авч чаддаг хүн байж. Тэгээд зориуд Манж амбаны үүдээр  морь унаж давхиж л дээ. Хиа нарын зүгээс барих, хорих, ял асуух  тухай яриа болоход Манж амбан “Та нар чимээгүй бай. Тэрийг зөнд нь орхи” гэдэг байж. Өөрөөр хэлбэл, цэцэн үг яриа, заргачаараа алдаршсан учир Манж нар түүнээс жийрхэн эмзэглэдэг байв” гэж түүхэнд бичээстэй байж байна. Тэгэхээр монголчууд бүгд баяжиж, мөнгөтэй болсон цагт Хятадаас айх юм байхгүй. Харин ч өндийж ирсэн хятадуудыг өөрийн газар нутагт ногоогоо тариулж, үржил шимийг аваад суух тухай яриад сууцгааж болохоор. Ингэж байж бид хөгжих ёстой юм. Хамгийн гол юм нь мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж бид хүссэнээ хийж, баяжиж хөгжинө. Тийм болно гэхэд гурван хувийн хүүтэй зээлийг Монголын төр, засаг  бидэнд өгч чадахгүй. Өнөөдөр Монгол Улс маань 30 гаруй тэрбум ам.долларын өртэй гэж байна. Хэрэв өрөнд газар нутгаа алдахад хүрвэл бид тал талаа­саа мөнгө нийлүүлж өрнөөс гарах болол­цоо бий. Гэхдээ муугаар бодоход  шүү дээ.

-Яаж тэр билээ?

-Хүн болгон алт мөнгөө хандивлахад 30 тэрбумыг гаргах бололцоо бий. Гэтэл өмч хөрөнгөгүй, жишээ нь та байрны лизингтэй, би машины зээлтэй, бусад хүмүүс энэ мэтчилэн дор бүрдээ өртэй  байгаа тохиолдолд  юугаа өгөх билээ. Нөгөө тусгаар тогтнол гэдэг маань алдагдана гэсэн үг. Эсрэгээрээ иргэн та, иргэн би  баян бол яах вэ. Энэ тохиолдолд 10 сая төгрөг өгчихье гэнэ биз дээ. Дор бүрдээ ингэж ярьж, ийм хөдөлгөөн өрнүүлж таарна биз дээ. Ийм учраас Монголын төр мөнгөтэй болж, ард түмнээ баян байлгая гэвэл гаднаас зээл авах биш гадаадын банкуудыг оруулж ирэх хэрэгтэй. АНУ, Англи, Орос, Хятадын гурван хувийн хүүтэй зээлийг оруулж ирэх ёстой. Түүнээс нь ард түмэн нь зээл авч хөлжөөд, эргээд  тэдэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд очих учиртай. Өнөөдөр Монголд  Хятадын махны үйлдвэр орж ирлээ, арьс ширний болоод хүнсний  үйлдвэрүүд нь  баригдлаа гэхэд  бидэнд тэдэнтэй өрсөлдөх чадвар байхгүй. CU гэдэг сүлжээ л гэхэд солонгос эзэнтэй гэлцдэг. Одоо Монголыг бараг л эзлэх нь байна шүү дээ. Монголын дэлгүүрүүд тэдний салбаруудтай  ойрхон байхаас  айж эхэлж байна. Ингэж бид тусгаар тогтнолоо алдаж байна шүү дээ. Энэ бол бидний тусгаар тогтнол. Хэрэв бид мөнгөтэй бол хэнийх нь ч өмнүүр машинтайгаа  тоос татуулаад өнгөрнө, тийм биз.

-Мөнгөгүй учраас чадахгүй байна л даа?

-Ядуу хүн яаж тэгж чадах билээ. Тиймээс иргэн та баян бай. Мөнгө хадгалуулах биш, түүнийгээ эргэлтэд оруулахаар баян бай. Үүний тулд бидэнд үйлдвэрлэл хэрэгтэй. Үйлдвэрлэлд шаардагдах мөнгийг Монголын банкууд гаргаж чадахгүй байгаа учраас гурван хувийн хүүтэй, хүсвэл дөрвөн хувийн хүүтэй зээлийг авахад бид хөл дээрээ босох тэнхээ чадал байна гэдгийг л хэлж байгаа юм л даа.

-Та эмч хүн, иргэдийн эрүүл мэндийг оно­шилж, эмчилж ирсэн. Өнөөдөр нийг­мээ оношилж, эдийн засаг ярьж байна гэж ойлголоо. Угаасаа эдийн засаг ярих­­гүй, санаа зовохгүй байгаа хүн нэг ч алга?

-Монголын анагаах ухаан дээхнэ үедээ, тухайлбал  намайг төгссөнөөс өмнө болон хойно шинжлэх ухаан коммнуизмын онол гэдэг нийгмийн тухай хичээлийг заадаг байсан. Тэр үеийн  бүх их, дээд сургуульд ийм хичээл  заадаг байлаа. Тэр мэдлэг их, бага хэмжээгээр бидний үеийнхэн, монголчуудын олонхид бий. Хоёрдугаарт, анагаах ухааны  санхүү заасан. Тэр бидэнд бас бий. Ийм учраас санхүү гэдэг зүйлийг манай үеийнхэн, би  мэт нь  ойлгодог юм. Тэр ч үүднээс нийгэмдээ анхаарч, иргэн хүнийхээ хувьд асуудалд нь анхаардаг. Суурь нь тэгж тавигдсан учраас хэлж байгаа юм шүү. Өнөөдөр Монголын нийгэмд болж бүтэж байгаа юм алга. Улс төр рүү халиад ярих юм бол нам гэдэг нэрийн дор бид ямар өөдгүй нөхдүүдийг дэвшүүлдэг юм бэ. Мөнгөтэй нь дэвшдэг, гэтэл боловсролтой, ухаантай, сэтгэлтэй нэгэн дээшээ гардаг­гүй. Өнөөдөр Монголын төрийг эрдэм мэдлэгтэй, ухаантай хүмүүс удирдаж авч явах ёстой. Гэтэл тийм хүмүүс нь гарч ирж чадахгүй байгаа юм. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа, зардлыг төр даах ёстой. Тухайлбал, нэр дэвшигч сонин хэвлүүллээ гэхэд тэрийгээ хороондоо аваачаад өгдөг. Тэнд нэг өдөр товлосон цагт бүгдийг нь аваад хорооны ажилтан нийт сонгогчдод тараагаад өгөг. Нэр дэвшигч хувиараа хүн хөлсөлж, лоозон барьж давхих  ямар ч шаардлагагүй. Сонгогч бүх намын сонин, тайланг авч харьцуулж хараад сонголтоо өөрийн ухаанаар хийг. Монголын төр үүнийг хийж хэрэгжүүлэхгүй бол төр байж чадахгүй. Саяхан би АТГ-ын нэг хуралд сууж мэдээлэл сонссон юм. Тэнд эмэгтэй гишүүдийн сонгуульд зарцуулсан мөнгөний дүнг дурдахад 560-750 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоо, судалгаа гарсан байсан. Энэ хүмүүс сард нэг сая төгрөгийн цалингаас тэр мөнгөө нөхөж авч чадах уу. Та юу гэж бодож байна?

-Чадахгүй л дээ...

-Тийм учраас тэр хүмүүс зарцуулсан мөнгөө нөхөж авахын тулд төрөөс хулгай хийж эхэлж байна. Ингээд Монголын төрд шударга юм байхгүй гэдэг  үг яриа гарч байгаа юм. Учир нь ердөө тэр. Хэрэв би мөнгө зараагүй гарсан бол, ард түмэн мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтыг  нь хараад  сонголтоо  хийсэн бол нэр дэвшигч түүний төлөө явахаас өөр зам үлдэхгүй. Сонгуулийн тогтолцоог ингэж өөчрлөхөөс өөр зам байхгүй. Ингэж байж бид төрд зөв хүнээ гаргана. Чадахгүй учраас нийгмийн адагт очиж унаж байна. Энэ ч үүднээсээ  бусдын колони болоход ойрхон байгаа юм. Тэр их өр яагаад үүсэв, яагаад Монгол Улс 30 тэрбум ам.долларын өртэй байна вэ. УИХ-ын дарга нь өөрөө чуулганы индэр дээрээс хэлсэн шүү дээ “Өрийн нөхцөл байдлаас үүдэж, бид Монголоос  хөөгдөж мэднэ шүү” гэж. Ингээд харахад бид Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг цаасан дээр алдчихаад сууцгааж байна. 2008 оны сонгуулийн өмнө миний нэг найз бурхан болсон юм. Тэр нас барахаасаа өмнө хэлэхдээ “Монголчууд баялагтай газрынхаа  42.5 хувийг гадаадынханд алдсан” гэж  байсан.  Үүнээс цааш дахиад ашиглалтын А лиценз бүү олгоосой. Өнөөдөр байгаа хэдэн том орд Монголыг аваад явчих боломжтой. Нэмж өгөх хэрэггүй. Бид үр ач, ирээдүйгээ бодох ёстой. Тэдэнд бид юу үлдээх ёстой юм бэ. Бид Чингис хааны алтан ураг гэж ярьдаг. Гэтэл 500 жилийн дараа  таны өөрийн чинь  удам судар  юу идэж, ашиглах вэ. Энэ асуултыг уншигчдадаа тавиад ярилцлагаа өндөрлөвөл яаж байна вэ.

-За тэгье. Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (82.23.254.125) 2022 оны 09 сарын 20

Mash unen yum yarijee.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 09 сарын 19

Жинхэнэ зальтай луйварчиндаа...

0  |  0
Top