Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна

2022 оны 09 сарын 16

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил олон жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнөөдөр 37 өөр программ манай салбарт ашиглаж байна. Эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Үүний улмаас иргэд эмнэлэг бүрд  карт нээлгэж, эмнэлэг хооронд олон цаас, шинжилгээний бичиг зэргээ аваад явж буй.

Үүнийг өөрчлөхийн тулд Эрүүл мэндийн салбарыг цахим шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.09.16/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай зөвлөлдөх уулзалтыг хийлээ.

Уг уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн тусалцаа хүссэн юм.

Н.Учрал сайд эрүүл мэндийн цахимжилтад тулгарч буй саад бэрхшээлийг ойлгож хоёр сайдын хамтарсан тушаал гаргах замаар тулгарч буй асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулна. Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн цахимжилт хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ төслийг үргэлжлүүлэх, алдааг нь засахад хоёр яам хамтран ажиллах болно. Үүний үр дүнд иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон таны мэдээллийг эмч цахимаас харж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбар 10 гаруй үйлчилгээгээ E-mongolia-д оруулсан. Цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top