БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар Монголд зочилно

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дон Хун болон дэд Ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Ан Хён Жүн нарын сэтгүүлчдийн төлөөлөл 2022 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрүүдэд Монгол Улсад зочлохоор боллоо.

МСНЭ-ийн удирдлагын шинэ баг "Эх дэлхийн сэтгүүлчид" уриан дор тодорхой арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгууж байгаа бөгөөд энэ удаагийн БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчдийн айлчлал дээрх уриан дор нэгдэн, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр хоёр улсын сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, уулзалт яриаг өрнүүлэх, туршлага солилцох, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг холбоход түлхүү анхааран ажиллах юм.

Энэ үеэр БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөллийг МСНЭ-ийн удирдлага хүлээн авч уулзан хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны ололт амжилтаа дүгнэж, цаашид ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэх юм.

Мөн айлчлалын хүрээнд манай улсын сэтгүүлч, редакцийн төлөөлөлтэй туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулаж, Монгол Улсын парламентын сэтгүүлчидтэй санал солилцох уулзалт болно.

Айлчлалаар ирсэн сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж мод тарьж, бяцхан төгөл үүсгэн, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ололт амжилттай танилцах юм.

Монгол - Солонгосын сэтгүүлчдийн холбоо нь 2014 онд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн цагаас хойш хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд КОВИД-19 цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан хамтын ажиллагаа сэргэж, энэхүү айлчлалаар дахин үргэлжлэх болсоноороо онцлог юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top