Намрын уйг аргадсан номын баяр

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ

Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно

Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод

Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ... хэмээн Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Содномбалжирын Буяннэмэх Намрын навч шүлгэндээ бичсэн байдаг. Түүний шүлэглэсэн мөрнүүд төв талбайд байрлах Сүхбаатар жанжны хөшөөг харахуйд толгойд урсана.

Шарласан навчны саржигнах чимээ, хавирга нэвтлэх жихүүн салхи, хургүй атлаа бүрхэг тэнгэр нь намар хэдийн ирснийг илтгэнэ. Тиймдээ ч гадаа хүйтэн мэт атлаа дулаахан байв. Төв талбайд олон асар эгнүүлэн тавьсан нь тэгтлээ дулаахан мэдрэмжийг өгсөн хэрэг. Зогсож буй газраас минь дөрвөн зүг, найман зовхист төрөл бүрийн ном намайг хүрээлэх нь юутай сайхан. Хойт нас гэж байгаад диваажинд очихоор бол ийм л газар очмоор санагдана.

 

 

НОМЫН БАЯРТ ОРОЛЦОГЧДЫН ДИЙЛЭНХ ХУВИЙГ 15-35 НАСНЫХАН ЭЗЭЛДЭГ

 

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” буюу бидний хэлж заншсан номын баяр 16-18-нд гурван хоногийн турш үргэлжиллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилго нь энэхүү баярын гол учир. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Номын соёлт ертөнц төрийн бус байгууллага Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийн зохион байгуулагчаар ажиллажээ.

Харин орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ажилласан байна. Үндэсний номын баярын нээлтийг төв талбайд 16-ны өдөр 13 цагт хийв. Нээлтийн үйл ажиллагаанд холбогдох албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд оролцсон юм. Улсын Их Хурал /УИХ/-ын дарга Г.Занданшатар Үндэсний номын баярын нээлтийн үгэндээ “Монголчууд бид номыг охь манлайн дээд хэмээн хүндэлдэг. Уншдаг ард түмэн хөгжиж, унтдаг ард түмэн мөхдөг гэх эртний сургаал үгийг ямагт санаж, эрдмийг дээдлэх хэрэгтэй. Гурван жилийн өмнө таван хуудас уншъя гэж уриалдаг байсан бол өнөөдөр Илүү ихийг уншъя уриатайгаар номын баяраа тэмдэглэж байна. Үндэсний бичиг, үсэг, соёл нь монголчууд биднийг нэгтгэдэг. Номын баярын оч цахиваас хөгжлийн гал бадармой. Номын баярын мэнд хүргэе” гэв. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 онос эхлэн номын баярын үеэр Мэргэн ном шагнал, 2022 оноос эхлэн Номын сайн нөхөр уралдааныг зохиодог болсон юм. Тус уралдааны оролцогчид нээлтийн үйл ажиллагааны үеэр шагналаа гардан авлаа.

Өнгөрсөн жилийн номын баярт 180 мянган хүн оролцжээ. Энэ нь нийслэлийн хүн амын 12 хувь гэсэн үг юм. Насны ангиллаар авч үзвэл 15-35 насныхан номын баярт оролцогчдын дийлэнх хувийг эзэлдэг байна. Энэ удаагийн номын баярт 350 орчим асарт хэвлэн нийтлэлч, зохиолч, чөлөөт уран бүтээлч, аж ахуйн нэгж оролцсон ажээ.

 

 

НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОВЛОХДОО ЦАГ АГААРЫГ Ч ТООЦООЛОХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

 

Цугларсан олон дунд нээлтийн үйл ажиллагааг сонирхох иргэд бага байв. Нээлтийн үйл ажиллагаанаас болоод зүлгэн дээр суух боломжгүй болсон иргэд авсан номоо тэврэн хаа нэг алхална. Хажуугаар зөрөх оюутан бололтой долоон залуу авсан болон уншсан номынхоо талаар ярилцахыг хүссэн ч нээлтийн үйл ажиллагааны чанга дуу, дарга нарын ярианаас залхсан бололтой “Хурдхан шиг энэ ажил нь дуусаасай” хэмээн хоорондоо ярих нь дуулдав. Нээлтийн үйл ажиллагааны урлагийн тоглолтыг ч сонирхож буй иргэн ховор байлаа. Тэдний хувьд хүссэн номыг нь хэр хямдралтай зарж байгаа, хаана шинэ ном хэвлэсэн, энэ жил ямар шинэ асрууд байгаа гэх мэт зүйлс хамгийн ихээр анхаарлыг нь татаж байв. Гурван өдөр үргэлжлэх номын баярын эхний өдөр дээрх байдлаар өнгөрлөө. Номын баярын эхний өдөр цаг агаар хамгийн том асуудал байв. Хүйтэн салхитай, хүн тухалж суухааргүй ийм цаг агаарт асар бүрийн өмнө номтой хүн зогсох нь хачирхалтай. Явуулын кофе шоп, хоолны газрууд хэд хэд байрласан нь иргэдийг халуун уух зүйлээр тасраасангүй.

Хувиараа ном худалдаалах иргэн Б.Цогтбат “Гадна хүйтэн байгаа ч худалдан авагчид цаг агаарыг үл ойшоож байна. Даарсан ч гэсэн тухтайгаар номтой танилцаж, худалдан авахаар эрмэлзэж байгаа нь хэдэн жилийн өмнөх үетэй харьцуулахад монголчууд номонд дуртай болжээ гэж бодоход хүргэж байна. Жил ирэх тусам номын баярыг зорин ирэх иргэдийн нас залуужиж байгааг ном худалдаалж буй хүмүүс түлхүү анзаарч байгаа. Энэ нь өмнөх цаг үеийн мундаг хүмүүстэй ижил ухаалаг хойч үеийнхэн бий болж, тэр хэрээр номын эрэлт их болсон хэмээн бодож байна” гэв.

Даарсан ч гэлээ 10 номоо өргөж явах дундаж нуруутай хүүг Д.Баттөгс гэнэ. Түүний авсан номыг харвал тал нь англи хэлээр бичсэн зохиолууд байлаа. Тэрбээр “Би оюутан болоод удаагүй. Ном унших дуртай. Гадаадад сурах сонирхолтой болохоор англи хэл дээр ном унших дадалтай болохын тулд хэд хэдэн ном авлаа. Хуучин номын хэсгээс авсан болохоор хямд өртгөөр олон ном авсан. Эх хэлээрээ ном унжаад олон жил болсон тул англи хэл дээр уншиж сурах нь нэг талаасаа хэцүү байгаа ч бага багаар суралцаж байна. Номын баяраар номтой холбоотой олон үйл ажиллагаа болвол хөгжилтэй байх. Нээлтийн үеэр нь томчууд ирсэн. Бүхий л зүйлийг улс төртэй хольж болохгүй. Магадгүй өнөөдрийн номын баярт тэд иргэн хүнийхээ хувьд ирсэн нь илүү дээр байжээ гэж бодсон. Мөн номын баярын өдрийг цаг агаараа харж байж товлоосой хэмээн хүсэж байна” гэсэн юм.

 

 

ХУУЧИН НОМЫН ХЭСЭГТ ДУНД ЭРГЭМ НАСНЫХАН ДИЙЛЭНХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

 

Гурван өдрийн турш цаг агаар үл хамаарч иргэд төрөл бүрийн ном худалдан авч байв. Зарим иргэдийн хувьд өдөр бүр төв талбайг зорьж байгаа гэв. Тухайлбал, иргэн Г.Батзаяа “Номын баяраар шинэхэн хэвлэсэн ном гаргадаг. Бусад үед нь шинэ ном гардаггүй учраас номын баярыг зорьж ирж авах нь элбэг. Түүгээр ч зогсохгүй нэг хэвлэлийн газар гурван шинэ ном гаргалаа гэхэд гурван өдөр нэг нэгээр нь зарж байх жишээтэй. Тэдний хувьд маркетинг байж болох ч зарим иргэдэд хүндрэлтэй байдаг” гэсэн юм.

Энэ удаагийн номын баяраар ажиглаж болох нэг зүйл нь хуучин ном худалдаалдаг хэсэгт залуу үеийнхэн бага байсан явдал. Хуучин номын худалдаачин Л.Доржготов “Хуучин номыг ихэвчлэн 28 орчмоос дээш насны иргэд авдаг. Тэр дундаа 35-аас дээш насныхан ихээр худалдаж авдаг. Харин залуу үеийнхэн, оюутнууд, арван жилийнхэн шинэ номын асруудаар их харагдана лээ. Хуучны хэвлэлт болон орчин үеийн дахин хэвлэлтийн ялгааг мэдэхгүй эсвэл номын хуудаснаас нь болдог байхыг ч үгүйсгэхгүй. Олон жил ном уншсан хүмүүс хуучны орчуулгыг чухалчилж, эсвэл дахин хэвлэгдээгүй учраас хуучны номыг сонирхдог ч байж магадгүй” гэсэн юм. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн хуучин номын хэсэгт дунд эргэм насныхан олон байв.

Хуучин номын хэсгээс холгүйхэн байх нэгэн асарт хүүхдийн номнууд худалдаалж байлаа. Хүүхдийн ном тэврэх багачууд ч энд тэндгүй. Өнгө өнгөөр алагласан хүүхдийн ном намрын уй гуниг бүхий төв талбайд өнгө нэмж байлаа.

“Ээж ээ, даараад байна. Хурдан харьж номоо уншъя” хэмээн нэгэн охин хэлсний дараа аав нь тэвэрлээ. Нөгөө гартаа эхнэрээ хөтлөх тэр ах “Аав нь ганц ном авсны дараа хариад номоо уншицгаая” хэмээн дараагийн асар руу явж харагдав. Эхнэр нь ч хэдэн ном торонд хийн барьсан байлаа. Тэр залуу гэр бүл хүүхдээ багаас нь номтой найзлуулж буй нь сэтгэл хөдлөм. Энэ мэт сэтгэл хөдөлгөм олон дүр төрх, үйл явдлыг гурван өдрийн турш талбайд харав.

Долоон настай Г.Марал-Эрдэнэ “Би уншиж сурсан. Намайг унтуулахын тулд ээж үргэлж үлгэр уншиж өгдөг байлаа. Одоо би дүүгээ унтуулахын тулд үлгэр уншиж өгдөг. Дүүгээ том болохоор нь хамт ном худалдаж авахаар явах мөрөөдөлтэй” гэлээ.

Харин 24 настай Б.Идэр “Номын баяраар болж өгвөл их ном худалдаж авахыг хүсдэг. Үүний тулд цагийн ажлынхаа хөлснөөс мөнгө цуглуулдаг. Уншихгүй байж их ном авлаа гэж гэрийнхэндээ заримдаа загнуулдаг юм. Гэхдээ амарсан, унтахын өмнө гэх мэтээр бага багаар уншдаг. Хөгширсөн хойноо ч уншина гэж бодож олон төрлийн сонирхолтой санагдсан номоо худалдаж авдаг” гэв.

 

 

ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ ГУРВАН АСАР

 

Талбайн олон асар дунд хамгийн сонирхолтой асар нь Зоригтой айдасхан гэх том хаяг хадсан асар байсан юм. Энэ асарт Зүрх сэтгэлийн боловсрол олгох цувралуудыг худалдаалж байлаа. Зүрх сэтгэлийн боловсрол гэх айхавтар мэт нэр томьёотой ч энэ нь хүүхдүүдэд зориулсан ном байв.

Нийгэм харгис, хэлцгий, балмад, хүүхдэд ээлгүй болсон нь ердөө л зүрх сэтгэлийн боловсролгүй байгаатай холбоотой аж. Хүүхэд зовж, шаналдаг, стрессдэг. Томчууд бид үүнийг нь анзааралгүй, хайхралгүй өнгөрөөдөг байна. Сэтгэл зүйн боловсрол орхигдож буй энэ цаг үед зүрх сэтгэлийн боловсролын талаар багахан ч атугай мэдэхэд туслах тус асар хамгийн сонирхолтой асруудын нэг болов.

Удаах асраар нь философийн холдбогдол бүхий уран зохиол, ном, бүтээл, номын хавчуурга зарж байсан Философи асрыг онцолмоор байлаа. Учир нь философийн талаарх бүтээл зорилтот хүмүүст л хүрдэг байсан бол энэ жилийн номын баяраар тус асар залуу үеийнхний хөлд дарагдаж харагдав. Танин мэдэхүйн шинжтэй, анхлан уншигчдад зориулсан, философийг тайлбарлах роман, тууж зэрэг зөвхөн философийн холбогдолтой бүтээлүүдийг л тус асарт байрлуулсан байлаа.

Сүүлийн онцлох асар нь Ариун бичээс нийгэмлэгийн асар байв. Тус асарт библийн үзэсгэлэн гаргасан нь шашингүй хүний ч сонирхлыг татахуйц. Дэлхийн хамгийн анхны хэвлэл болох Гутенбергийн Библийн албан ёсны хувилбарыг гаргасан байлаа. Гутенбергийн Библийн эх хэвлэл нь 40 гаруй ширхэг байдаг бөгөөд бүгдийг нь музейд хадгалсан байдаг ажээ. Монгол Библийн талаар ч хэд хэдэн баримт олж харав. Тухайлбал, 720 жилийн өмнө, 1700, 1800 оны үед орчуулсан гэх мэтээр түүхэн баримтууд олон байлаа. Манай эрины өмнөх /МЭӨ/ 391, 312 оны гар бичмэлийн талаарх тайлбар гэх мэт түүхэн мэдээлэлд дуртай хүмүүсийн анхаарлыг татахуйц үзэсгэлэнг гаргажээ.

Энэ мэтээр номын баярын гурван өдрөөр төв талбай олон хүний хөлд дарагдав. Намрын жиндүү салхинд номын хуудасны үнэр төв талбайг бүрхэх нь сайхан. Сайнтай ч муутай ч дараа дараагийн номын баяруудаар биднийг юу хүлээж байгааг таашгүй. Нэг л мэдэхэд жилдээ хоёр удаа улс даяараа номын баярыг хүлээдэг болжээ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top