Боловсрол эвслийн 16 гишүүн байгууллагын зөвлөн туслах ажил үргэлжилж байна

2022 оны 09 сарын 19

"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл Боловсролын ерөнхий газар хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нийслэлийн БЗД-ийн Ерөнхий боловсролын 33 сургуулийн хүүхдийн сайн сайхныг хангах үүрэг хүлээгчдэд зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд БЗД-ийн сургуулиудад шинээр ажилд орсон нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч, хоолзүйч, багш, номын санч, сургалтын менежер болон сайн сайхны багийн бусад гишүүдэд чиглэсэн сургалтыг есдүгээр сарын 15-нд зохион байгууллаа.

Сургалтад нийт 50 гаруй шинэ ажилтан хамрагдсан бөгөөд сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хүүхэд нэг бүрийн ялгаатай байдлыг ойлгож, тэгш хамруулсан зарчмаар ажиллах, үе тэнгийн дарамт дээрэлхлийг таслан зогсооход сургуулийн манлайлал зэрэг агуулгыг танилцууллаа. Мөн сургууль дээр кампанит ажил зохион байгуулах зөвлөмжтэй танилцан, жишээ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж ажиллалаа.

БЗД-ийн 33 ЕБС дээр Боловсрол эвслийн 16 гишүүн байгууллага, салбар зөвлөлүүд ажиллан иргэний нийгмийн байгууллагууд болон сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top