Өдөр тутмын хяналт нь эрүүл мэнддээ зориулж буй "Эрсдлийн сан" юм

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Бид өдөр бүр амьдарч буй орчин, алхаж буй явган зам, замын түгжрэл, нүүрсний утаа, хэт их төвлөрсөн хотжилт, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж... гээд олон зүйлд бухимдаж амьдардаг. Зөвхөн бухимдаад өнгөрөх биш, өөрчлөхийн тулд өөрсдийн хэмжээнд эргэцүүлж, санал бодлоо илэрхийлдэг. Ийм ч болохоор шийдвэр гаргах түвшний хүмүүс нийтийн эрх ашгийг хөндөж буй эдгээр асуудлыг тулхтай авч үзэж, ахиц гаргахын тулд ажилласаар ирсэн.

Гэсэн хэрнээ бид нийтийг хамарсан, нийгмийн чанартай аливаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг шигээ өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж чаддаг билүү? Таны эрүүл мэндэд чимээгүй заналхийлж байдаг эмгэгүүдтэй яг хэзээ нүүр тулдаг вэ?

1978 оноос хойш артерийн даралт ихсэлтээр дагнан судалгаа хийдэг AHA /American Heart Association/ гэх байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар цусны даралт ихсэх өвчтэй дөрвөн хүн тутмын нэг нь л “өөрийгөө бүрэн хянадаг” гэсэн бол хоёр нь “өөрийн артерийн даралтыг ихэсдэг гэдгийг мэддэг, гэхдээ хянадаггүй” гэжээ. Харин үлдсэн нэг нь энэ өвчлөлөө “хянаж чадахгүй” болсон байдаг гэсэн байна.

Үүнтэй ижил судалгааг манай Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн Зүрх судасний тэнхим хийсэн бөгөөд үр дүн нь дээрхтэй төсөөтэй гарчээ. Нийт хүн амын 20,7 хувь нь цусны даралт ихсэлттэй, 7 хувь нь даралтаа хэвийн түвшинд барьж чаддаггүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчтэй, тэдгээрийн гурван хүн тутмын нэг нь л өөрийн өвчлөлөө хянаж чаддаггүй, эмээ тогтмол уудаггүй болж таарах нь.

Сүүлийн жилүүдэд залуу хүмүүсийн дунд (40+, 40-) гэнэтийн нас баралт ихэссэн талаар мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр мэдээлэх болсон. Үүнд хүргэсэн хүчин зүйл юу болохыг олон талаас нь тайлбарлаж байгаа. Үүний нэгд цусны даралт ихсэх өвчнийг нэрлэж байна. Тодорхой хэлбэл, цусны даралт ихсэх эмгэг нь зөвхөн ахимаг насанд илэрдэг гэсэн ойлголт хуучраад байна. Зохисгүй хооллолт, согтуурлах ундааны хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, стресс гэх мэт хүчин зүйлүүд артерийн даралт ихсэхэд нөлөөлдөг. Тиймээс нэгэнт даралт ихэсчихсэний дараа тогтмол хяналт тавихаас гадна даралт ихсэхээс урьтаад дээр хэлсэн эрсдэлт хүчин зүйлүүдээс зутгах буюу өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маягаа  хянаж байх хэрэгтэй болж байна.

Саяхан санамсаргүй сонссон хөгжилтэй гэхдээ бодууштай нэгэн түүхийг энд хуваалцая. Сүхийн талбай дээр жил бүр л сум сумын төгсөгчид арав, арван жилийн зайтай цугладаг даа. Хур ихтэй энэ зуны нар ээсэн цөөхөн өдөр талбай дээр хуран цугласан арван жилийн найзууд хөөрч бужигнахын хажуугаар нэг нэгнээсээ “даралтны эмээ авсан уу, алийг нь уудаг вэ, өдрийн аль цагт нь уух нь зөв бэ” гэхчилэн аминчлахыг сонсох үлгэрлүүштэй санагдав. Мэргэжлийн эмч нар нэгэнт даралт ихсэлт гэдэг онош тавигдсан бол даралт бууруулах эмийг өдрийн цагт тогтмол уухыг зөвлөдөг. Ялангуяа манай 70, 80-аад оныхон нийгмийн харилцаанд оролцохдоо тогтсон хэв журмыг мөрддөггүй, адгаж эсвэл аргацаах хандлагатай нь ажиглагддаг. Ногоон гэрлээр зам гарах ёстойгоо мэддэг ч "улаан гэрлээр гүйх", дугаарлах ёстойгоо мэдэж байгаа ч "би энд байсан юм" гэж зүтгэх бол энгийн шахуу үзэгдэл. Нэг талаас ертөнцийн жамаа дагаад нас, жин нэмсэн, нөгөө талаас нийгмээ дагаад, үүрч байгаа ачаанаасаа шалтгаалаад стресс гэдэг зүйлд хэт өртөмтгий болсон эл үеийнхэн наадаж наргихдаа ч эрүүл мэндээ хичээж, эмээ тогтмол ууж хэвшинэ гэдэг бол эерэг жишээ билээ.

Хэлж ирэхгүй хийсч ирдэг гэнэтийн осол, үхлийг бид сөрөх боломжгүй байж болох ч цусны даралт ихсэх энэ өвчлөлийг өдөр тутам хянаад, энгэртээ халааслаад байх бүрэн боломжтой юм. Тиймээс залуу хүн та толгой өвдөх, хүзүү хөших, анхаарал саринах, төвлөрөл буурах, зүрх дэлсэх, дотор муурайрах гэх мэт шинж тэмдэг илрэх төдийд мэргэжлийн эмчид хандахаа мартуузай. Болж өгвөл энэ шинж тэмдэг илрэхээс өмнө эмчид хандаад, өөрийнхөө цусны даралтын дээд, доод хэмжээг мэдээд авбал эрүүл мэндээ насан туршдаа хянаад явах боломж танд байна. Хяналт бол таны эрүүл мэнддээ зориулж буй “эрсдлийн сан” гэдгийг санаж яваарай.

Ц.Булгантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top