ЭХЭМҮТ-ын барилгад 1987 оноос хойш их засвар хийгээгүй байна

2022 оны 09 сарын 21
2022 оны 09 дүгээр сарын 21-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллаж Засгийн газар, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламж, их засваруудтай танилцлаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв нь 1987 онд баригдсан бөгөөд түүнээс хойш их засвар хийгдээгүй юм. Энэ онд тус төвийн төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцүүлэн засварлах их засварын ажлыг эхлүүлж 95%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэдгээ гүйцэтгэгч байгууллага хэлж байв.Мөн тус төвд  Хавдрын эрт илрүүлгийн төв, 150 хүүхдийн багтаамжтай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.

 

 

 
2021 онд Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ-д  12.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт болон их засварын хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төвд ажиллах үедээ шийдэж байсан билээ. Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, 2021 онд эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт болох 35 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн.   Тус хөрөнгө оруулалтаар улс орон даяар төрөх ор, эх хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг бүрэн шинэчилж, монголд эмчлэгдэх боломжгүй байсан хүүхдийн гурван өвчний оношилж, эмчилж чаддаг болсны зэрэгцээ, эхо, рентген, мэс заслын багаж, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангасан. Үүний дараа сайд Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэшлийн кабинетуудаар явж иргэд үйлчлүүлэгчийн нөхцөл байдалтай танилцаж, эмч эмнэлгийн ажилчдын санал бодлыг сонсов.

 

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top