Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалтын ажил эхлээд байгаа талаар өнөөдөр /2022.09.23/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “МАК цемент компани давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бөгөөд өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна” хэмээлээ.
Иргэд хэрэглэгчдийн зүгээс гомдол санал ирсний дагуу цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж байна. Цемент үйлдвэрлэгч дөрвөн томоохон компанийн хоёр нь үйл ажиллагаагаа түр зогсоосноос хомсдол үүссэн. Засгийн газраас нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд цементийн импортын татварыг тэглэсэн. Гэтэл өчигдрөөс буюу есдүгээр сарын 22-ны өдрөөс МАК компаниас гэрээт борлуулагчиддаа задгай цементийг 529.500, нэг тонн савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Есдүгээр сарын 21-ний байдлаар тус компанийн нэг тонн задгай цемент 221.000, нэг тонн савласан цемент 335.600 төгрөгийн үнэтэй байсан байна. Нэг өдрийн дотор задгай цементээ 86.7, савласан цементээ 63.8 хувиар үнийг өсгөсөн байна.
Тус компани гуравдугаар сард анх үнэ нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд тухайн үеийн нэмэгдүүлсэн үнийг өчигдрийн нэмэгдүүлсэн үнэтэй харьцуулж үзэхэд задгай цемент нэг тонн тутамд 185 хувь буюу 2.9 дахин, савласан цемент тонн тутамд 171.5 хувь буюу 2.7 дахин өссөн дүнтэй байна. Энэ үнэ нэмэгдүүлсэн байдалд нь үндэслэлтэй нөхцөл шалтгаан, нөлөөлж буй үндэслэл харагдахгүй байна. Учир нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, гөлтгөнө, шохойн чулуу, нүүрсийг дотоодоос авдаг тул валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй. Шатахууны үнэ тогтвортой байна, дизел түлшний үнэ наймдугаар сараас литр тутамд 450 төгрөгөөр буурсан. Тэгэхлээр үнэ өсөх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй.
Харин энэ сарын 14-ний өдрийн Засгийн газрын 348 дүгээр тогтоолоор импортын цементийн гаалийн татварын 20 хувийг тэглэсэн. Үүнтэй холбоотой МАК цемент компани цементийнхээ үнийг огцом нэмсэн байх магадлалтай байгаа. Урьдчилсан байдлаар бидэнд ирсэн мэдээллээр импортын цемент тонн тутамд 450-470 мянган төгрөгөөр худалдаалагдахаар байгаа. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн савласан цемент тонн нь 335 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан. Импортын татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчийн үнэд нөлөөлөх үндэслэл байхгүй. Харин зах зээл дээр хомсдол үүсгэх, үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоож байна гэж ажиглагдаж байна.
ШӨХТГ-ын 2021 оны 12 дугаар сарын хуралдаанаар МАК цемент компанийг Монгол улсын цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Энэ удаагийн үнэ өсгөсөн байдал нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болзошгүй зөрчлүүд тогтоогдох үндэслэлтэй байгаа тул зөрчлийн хэрэг нээн шалгахаар болоод байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргээр ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заасан байдаг.
Хэрвээ давамгай байдалтай аж ахуй эрхлэгч Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан хясан боогдуулсан, картел хийх буюу үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгууль ногдуулах, мөн хууль бусаар олсон орлогыг хураах хүртэл арга хэмжээ авна.
Сэтгэгдэл ( 0 )