Б.Солонгоо: ОХУ-ын иргэд 30 хоног Монгол Улсад байх эрхтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

ОХУ-ын Засгийн газар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулж байгаатай холбоотойгоор тус улсын иргэд Монгол Улсад олноороо ирж байна.

Сүүлийн 10 хоногийн хугацаанд 5000 орчим иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсний 1000 гаруй нь өнгөрсөн 24 цагт нэвтэрчээ. Онцлоход, тэдний 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байжээ. 

Эрчүүд хилээр олноор гарч байгаа тул ОХУ-ын Засгийн газар цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох тухай тушаал гаргаж магадгүй гэж хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа.

Мэдээлэлд өгүүлснээр энэхүү хориг есдүгээр сарын 28-наас хэрэгжиж эхлэх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ сарын 21-нд зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгааны үеэр иргэдийг хилийн чинад руу зорчихыг хязгаарлахгүй гэж Оросын Төрийн Думаас мэдэгдэж байсан. Харин эрчүүд Оросоос гарахаар бол цэргийн комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай аж.

Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид явагдаж байгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх бүх нийтийн санал хураалт есдүгээр сарын 27-нд дууссаны дараа цэргийн дайчилгаанд хамрагдах насны эрчүүдийг Оросоос гарахыг хориглох тогтоол хэрэгжиж эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Орос, Буридаас Монголыг зорих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан Хуул зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоогийн байр суурийг хүргэе. 

Хууль зүйдотоод хэргийн дэд сайд Б.СОЛОНГОО:

-Монгол Улсын хилээр нэвтрэхийг хүсэж байгаа гадаадын иргэн аливаа холбогдох визийн болон тавигдах нөхцөлийг хангаад орж ирж болно. ОХУ-ын иргэд бол 30 хоног Монгол Улсад байх эрхтэй. Иймд тус улсын иргэн бол чөлөөтэй нэвтэрч байгаа.

Оршин байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.

Сошиалаар цацагдаж байгаа зарим нэг гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үүн дээр Хууль зүй, дотоод хэргийн яам хөндлөнгөөс оролцож, тайлбар өгөх боломжгүй. Хэрэв Монгол Улсад байх зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн бол Хил хамгаалах ерөнхий газар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.178) 2022 оны 09 сарын 26

Хугацаа хэтэрлээ гээд гаргаж чадах уу? Монгол ч хүнд байдалд орлоо доо.

0  |  0
Иргэн(66.181.191.178) 2022 оны 09 сарын 26

Мэдээжийн юмыг яасан их хэвлэлээр ярьдаг юм бэ. Ам бардам, гуя шалдан монголчууд аа, барагтайхан шиг байцгаа.

0  |  0
Хуй(66.181.179.125) 2022 оны 09 сарын 26

Зовох цагт нөхөрын чанар гэдэг ойлголт тэр ОРОСУУДАД байдаггүй юм. Амьдралаараа харлаа ойлголоо

0  |  0
Смд(66.181.179.125) 2022 оны 09 сарын 26

Зовох цагт гэнэ хэн зовоод бна.эсвэл хэн зовоогоод бна. Тэд Маргаашаас чамайг зовооно мэдэж ав!

0  |  0
нийгмийн хариуцлага(124.158.96.205) 2022 оны 09 сарын 26

одоо евоп оос жуулчин ирэхгүйгээс хойно хөнглөлттэй үйлчлэх хэрэгтэй зовох цагт нөхөрийн чанар танигдана

1  |  0
Top