Нийслэлчүүд “Автомашингүй өдөр-2022”-ийг өчигдөр /2022.09.25/ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр 07.00-18.00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто замыг хаасан юм. Түүнчлэн Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, хөх тэнгэр, Партизан, Олимп, Ж.Самбуугийн болон Элчингийн гудамжны хөдөлгөөнийг хязгаарласан. Ингэснээр иргэд нэг өдөр ч гэсэн түгжрэл, стресс бухимдлыг мартан явган алхаж, гэр бүлээрээ унадаг дугуйгаар аялж, урлаг спортын чөлөөт үзүүлбэр, уралдаан тэмцээнд оролцон өөрийгөө сорьж, эрх чөлөөгөө эдэлж өнжив.
Автомашингүй өдрийн нээлтийн ёслол дээд боловсролын ууган байгууллага МУИС-ын нэрэмжит таван км-ийн гүйлтээр эхэлсэн. Гүйлтийг HiPay бүрэн автоматжуулсан бол Sendly-ийн хамт олон эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршлыг дэмжин оролцсон юм. Ингэхдээ гүйлтэд оролцогчдын бүртгэлийн хураамжийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт зориулсан нь олон хүний талархлыг хүлээлээ.
Спортын 10 төрлийн тэмцээн явагдсанаас 3х3 сагсан бөмбөг, шатрын тэмцээн, үзүүлэх тоглолтууд болсон. Хүүхдүүдэд зориулсан гар зургийн уралдаан, жүжигчилсэн тоглолт, "Үлгэр ярья" насанд хүрэгчдэд зориулсан тэмцээн, орой хаалтын ёслолд ДБЭТ-ын хамт олон сонгодог дуурь тоглосон нь үзэгчдийг баясгалаа.
Түүнчлэн унадаг дугуй, skateboard, роллер, скүүтер гээд ер нь цахилгаанаар явдаггүй бүх хэрэгсэл, тэдгээрийг хэрэглэдэг, сонирхдог хүүхэд залуус төв талбайд гарч ирж ур чадвараа сорьж, чөлөөт үзүүлбэрээр уралдаж, нийгмээ зөв дадал, хэмнэлд уриалсан нь онцлог.
Тухайлбал, роллерын цуваа, чөлөөт бүжиг тун сонирхолтой болсон. Мөн унадаг дугуйтай парадыг нэрлэж болно. Сүүлийн үед хотын замаар зорчиж буй автомашинтай иргэд дугуйчдад зам тавьж өгөхгүй байх, дүрмээрээ бол нэгдүгээр эгнээний цагаан зураас дотор дугуйчид зорчиж болох атал осол гаргах явдал байнга шахам гарч байгаа. Тэгвэл дугуйчид энэ өдөр парадаар дамжуулан жолооч нарыг дүрмээ баримталж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалав.
Иргэдэд ээлтэй, аюулгүй хотын төлөө нийслэлийн есөн дүүрэг, төрийн болон ТББ-уудаас өөрсдийн ажил, үйлчилгээг өргөнөөр сурталчилсан нь шинэ сэдэл санаачилгыг эрэлхийлсэн нь анзаарагдсан. Төв талбайд чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ тоон гарын үсгээ авчих, иргэний бүртгэлийн үйлчилгээ авах, Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас өгч буй үнэгүй зөвлөгөөнд хамрагдах боломжууд нээлттэй байсан юм. Түүний зэрэгцээ залуус GS25-аас нэвтрүүлж буй QR код уншуулж эсвэл анкет бөглөн ажлын байранд бүртгүүлэх үйлчилгээнд идэвхтэй хамрагдаж байв.
“Автомашингүй өдөр-2022”-ийн өнгийг тодотгосон бас нэг үйл явдал бол Б.Явуухулангийн цэцэрлэгт болсон “Веган өдөрлөг” юм. Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, амьтдад ээлтэй амьдрах хамгийн шилдэг туршлага болох веган амьдралын хэв маягийг таниулах нь тус өдөрлөг-үзэсгэлэн худалдааны гол зорилго чиглэжээ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )