Аялал жуулчлалын салбарын төвийн барилгын ажил эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажил 2020 оны тавдугаар сард яриа хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурснаар эхэлсэн бол өнөөдөр /2022.09.26/ төслийн барилгын ажил эхэллээ. ХУД-ийн 4-р хороо Арцатын аманд баригдаж буй уг төсөл нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын 100 хувийн буцалтгүй тусламжаар хийгдэж байна.

Ковид цар тахлын улмаас дэлхийн олон улсад аялал жуулчлалын салбар зогсонг байдалд орж, хүний нөөцийн дутагдалд ороод буй. Энэ цаг үед аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, бэлтгэхэд төслийн гол зорилго оршиж байна. Уг төслийн барилгын ажлын нээлтэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн албан ёсны төсөл хариуцсан НБД Им Гыг Хи, КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Ким Кван Шиг, Барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, Барилгын менежментийн эксперт СМ, БОАЖЯ-ны АЖБЗГ Дарга Б.Болортуяа болон бусад төлөөлөл оролцлоо.

Аялал жуулчлалын салбарын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь хоёр давхар бөгөөд нийт 1363.11м2 талбайд барилгын ажил, 1171.96 м2 талбайд ногоон байгууламж барьж, 2023 оны 11 сарын 30-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Сургалт үйлдвэрийн төвийн байгууламжийн бүтцийг дурдвал :

 

Уг барилга нь нийт 2 давхар, 2 блоктой бөгөөд орчны онцлог, авто зам болон явган зорчигчийн замтай уялдуулан барилгын дизайн тохижилтыг ногоон байгууламжтай холбогдож байхаар шийдсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, авто замыг стандартын дагуу төлөвлөсөн.

1-р давхар: 256 хүний суудалтай хурлын заал болон аудио өрөө, үзэсгэлэнгийн танхим, компьютерын танхим, зочид буудлын дадлагын танхим болон зочид буудлын дадлагын өрөө, хоол хийх сургалтын өрөө, гал тогоо, ажилчдын амрах өрөө, ариун цэврийн өрөө зэрэг нийт 1,208.63m2 ашигтай талбайтай

2-р давхар: Хөдөө орон нутгаас ирсэн суралцагчид байрлах боломжтой нэг дор 9 хүн байрлах дотуур байр, угаалгын хэсэг болон шүршүүр, сургалтын танхим, мэргэжлийн орчуулгын өрөө, лавлагааны өрөө, сургалтын өрөө, захиргааны өрөө зэрэг нийт 879,27m2 ашигтай талбайтай.

Гадна талбай: Сургалт үйлдвэрийн төвийн гадна талбайд жуулчны баазын дадлагын сургалт зохион байгуулах боломжтой 5 ханатай 4 цомцог гэрийг байршуулахаар төлөвлөсөн нь тус сургалт үйлдвэрийн төвийн суралцагчдад онол, дадлага хосолсон цогц хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна.

Энэхүү сургалтын төв байгуулагдсанаар Монголын аялал жуулчлалын салбар мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэхэд өндөр ач холбогдолтой юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, БНСУ нь 1973 онд 600 мянган жуулчин, 1978 онд 1,4 сая жуулчин авч байсан бол 2019 онд 17,5 сая жуулчин хүлээн авч байсан туршлагатай төдийгүй аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавх, стандартаараа энэ салбартаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орнуудын нэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top